2022 ОНЫ 5 ДУГААР САРЫН
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ТАНЫ АНХААРАЛД
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30–70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0° – аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс” – ээс тодруулах боломжтой.
ХАВРЫН СҮҮЛИЙН ЦОЧИР ХҮЙТРЭЛИЙН ХУГАЦАА
Хаврын тариалалт нь байгаль цаг уурын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай. Ялангуяа хаврын сүүлийн цочир хүйтрэлийн хугацаа тариалалтад ихээхэн чухал юм. Ер нь газар тариалан эрхэлдэг хүмүүс байгаль цаг уурын өөрчлөлтэй дасан зохицож, тариалалтаа зарим жил 4 дүгээр сараас тавдугаар сарын эхээр (VI–V) эхэлж, зарим жил бүр зургаадугаар (VI) сард эхэлдэг байна. Цочир хүйтрэлийг агаарын хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед өөрөөр хэлбэл 0 градусаас дээш орсон тохиолдлын хугацааг түүвэрлэн авсан. Зураг 5–д цаг уурын станцын 1981–2020 оны хаврын саруудад ажиглагдсан сүүлийн цочир хүйтрэлийн дундаж хугацааны орон зайн тархалтыг харуулав.
Тархалтын зургаас харахад Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутагт 5–р сарын 5 ба түүнээс хожуу сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг байна. Говийн нутгаар 4–р сарын 15 ба түүнээс хойш сүүлчийн цочир хүйтрэл ажиглагддаг бол бусад нутгаар 5–р сарын 05–30 – ны хооронд сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг байна.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Тавдугаар сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…8°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12…20°C, бусад нутгаар 8…12°C дулаан байдаг байна (Зурaг 2).
Тавдугаар сарын агаарын дундаж температур 1979–1982, 2014–2016 оны хооронд дараалан ОЖД-аас хүйтэн байсан бол 1999–2002 онуудын 5-р сар дараалан ОЖД-аас дулаан байсан байна. Харин 1995 оны 5-р сард ОЖД-аас 3°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн 5-р сар болсон бол 2017 оны 5-р сар нь ОЖД-аас 2.1°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан 5-р сар болж өнгөрсөн байна.
Сарын нийлбэр хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–15 мм ордог.
Тавдугаар сарын нийлбэр хур тунадас 1979–1987, 1993–1996 онуудад дараалан ОЖД-аас бага байсан бол 1988, 2002–2003, 2010, 2014 онуудад ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 2018 оны 5-р сард нийт нутгийн дунджаар ОЖД-аас 8.5 мм-ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 5-р сар болсон бол 2003 оны 5-р сард ОЖД-аас 17.6 мм-ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн ахиу тунадастай 5-р сар болсон байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увсын баруун, Ховдын ихэнх, Говь-Алтайн төв хэсэг болон Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим,хур тунадас Хэнтийн ихэнх, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар дулаарна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар дулаарна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
ЗӨВЛӨМЖ
Тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар ОЖД-аас хүйтэн байх ба Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан байх ба хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байгаа тул хаврын хуурайшил, гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Сарын хоёрдугаар арав хоногийн туршид ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Мөн дурдсан үеүдэд салхины хурд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.