Нисэхийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний хэсэг нь ЦУОШГ-ын даргын 2022 оны А/87  дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу Нисэхийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний хэсгийн дарга 1, Нисэхийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний инженер 13 нийт 14 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Зорилго: Нисэхийн цаг агаарын бодит ажиглалтын мэдээний болон уур амьсгалын  ажиглалтын мэдээний технологийн мөрдөлтийг хангаж, цаг агаарын бодит ажиглалтын мэдээ, мэдээллээр хэрэглэгч байгууллагуудад шуурхай үйлчлэх, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахад оршино.

Нисэхийн цаг уурын бодит ажиглалтын үйлчилгээний хэсэг нь Буянт-Ухаа болон Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын бодит ажиглалтын мэдээ, мэдээллийг олон улс болон орон нутагт дамжуулах, тус буудлуудад үйлдэгдэж буй нислэгүүд болон хэрэглэгч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, үндсэн болон нөөц автомат станцуудын хэмжлийн үр дүнг харьцуулах, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянах, уур амьсгалын ажиглалт хийж, дамжуулах, олон жилийн цуваа үүсгэх, цаг агаарын аюултай үзэгдлийн “Аюул” “Агаар” мэдээ, 10 хоног, сарын дундаж мэдээ, климат мэдээг зохиож дамжуулах, уур амьсгалын ажиглалтын мэдээг цахим тооцоолуурт оруулан боловсруулж тайлагнах, бодит болон уур амьсгалын  ажиглалтын мэдээгээр эх мэдээний сан үүсгэх үндсэн ажлуудыг гүйцэтгэж байна.

Бодит ажиглалтын мэдээг нисэхийн цахилгаан холбооны сүлжээ / AFTN /болон интернэт орчны мэдээ дамжуулалтын систем /MDS/-ээр олон улсын бүсийн мэдээллийн төвүүд болон орон нутгийн нисэх буудлуудад дамжуулж байна.

Уур амьсгалын ажиглалтын мэдээ, аюул, агаар болон климат мэдээг Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем / HMDTS /-ээр Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд дамжуулж байна.

Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд MILOS-520, AWS-310, Чингис хаан олон улсын нисэх буудалд MAWS-301, AWS-330 цаг уурын автомат станцуудаар ажиглалт, хэмжлийг хийж байна.

НИСЭХИЙН ЦАГ УУРЫН БОДИТ АЖИГЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСГИЙН ДАРГА

Нислэгийн цаг уурын бодит мэдээний ажиглалт болон уур амьсгалын ажиглалтын технологийг Монгол улсын Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын Иргэний Нисэхийн Байгууллага, ИНД-174 болон бусад холбогдох журам, заавар зөвлөмжийн хүрээнд мөрдүүлж, хяналт тавьж ажиллах, ажиглалтын материалд техник шалгалт хийх, шинжилгээний багаж, сүлжээ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, Аюулгүй ажиллагаа болон Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааны үл тохирлыг залруулах, дахин давтагдахгүй байх арга хэмжээг зохион байгуулах.

НИСЭХИЙН ЦАГ УУРЫН БОДИТ АЖИГЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Буянт-Ухаа, Чингис хаан Олон улсын нисэх буудалд үйлдэгдэж буй нислэгт аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан цаг агаарын бодит мэдээ зохиож, олон улс болон орон нутагт дамжуулж хэрэглэгч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, нэмэлт болон автомат станцуудын хэмжлийн үр дүнг харьцуулан,тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж, харьцуулсан ажиглалт хийх, уур амьсгалын ажиглалт хийж, зохион дамжуулах, олон жилийн цуваа үүсгэх, тайлан гаргах, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахад Аюул Агаар мэдээ, 10 хоног, сарын дундаж мэдээ, климат мэдээг зохиож дамжуулах.