Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол – Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулсан. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Монгол улсад айлчилж байгаа юм.
Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд энэ удаагийн хурлаар Монгол Улс болон БНХАУ -ын нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, хөрш зэргэлдээх нислэгийн мэдээллийн бүс (FIR)-д хил дамнан цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан ба урьдчилан мэдээлсэн SIGMET мэдээлэл хоорондын зөрүүтэй байдлаас сэргийлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд “Санамж бичиг”-ийг байгуулж, 10 дугаар сарын 17-ны өдөр тус санамж бичигт Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал болон Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны дарга Вэнь Шюжэн нар гарын үсэг зурлаа.
Чикагогийн Конвенцийн Хавсралт 3-ын 3.4.4-т “Хил дамнан цаг агаарын аюултай үзэгдлийг хөрш зэргэлдээ цаг уурын ажиглалтын албад хамтран зохицуулах үүрэгтэй” гэж заасны дагуу БНХАУ нь ОХУ, БНСУ, Казакстан, Лаос, Вьетнам, Киргиз зэрэг орнуудтай SIGMET хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулсан бөгөөд Монгол улсын хувьд анх удаа нислэгийн цаг уурын үйлчилгээний чиглэлээр олон улсын санамж бичиг байгуулж буй түүхэн үйл явдал боллоо.
Хурлын үеэр БНХАУ-ын нисэхийн цаг уурын инженер хатагтай Ли Кан SIGMET хамтын ажиллагааны платформын талаар, Нислэгийн цаг уурын төвөөс аюулгүй байдал, чанарын хяналтын ахлах мэргэжилтэн Н.Энхдалай нисэхийн цаг уурын үйлчилгээний талаар товч танилцуулсан.
10 сарын 17-ны өдөр БНХАУ-ын нисэхийн цаг уурын инженер хатагтай Ли Кан Нислэгийн цаг уурын төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.


