2021 оны V сараас 2021 оны VII сарын цаг агаарын мэдээ

2021 оны 5 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын уур амьсгал

Агаарын температур ОЖД–аар V сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр +5...+10°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар +15...+19°C, бусад нутгаар +10...+15°C дулаан байдаг байна. Харин VI сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2...+10°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар +21...+25°С, бусад нутгаар +12...+20°С дулаан байдаг. VII сард Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2–14°C, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20–28°C, бусад нутгаар 14– 20°C дулаан байдаг. Хур тунадасны хувьд V сард Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21–30 мм, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3–12 мм, бусад нутгаар 12–21 мм хүртэл хур тунадас ордог байна. VI сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 50–70 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–20 мм, бусад нутгаар 21–46 мм бороо ордог байна. VII сард Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80–120 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10–40 мм, бусад нутгаар 40–80 мм хүртэл бороо ордог.

5–7 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Тавдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 5–10°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 15–19°C, бусад нутгаар 10–15°C дулаан байдаг. 5 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь–Алтай, Хөвсгөл, Архангай, Булган,  Сэлэнгийн  нутаг,  Өвөрхангай,  Төв  аймгжждын  баруун,  Баянхонгорын  хойд  хэсгээр  ОЖД–ийн  орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21–30 мм, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3–12 мм, бусад нутгаар 12–21 мм хүртэл хур тунадас ордог. 5 дугаар сарын нийлбэр хур тунадас Булганы ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангай, Төв аймгуудын зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Зургаадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0–12°C, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорнодын зарим газар, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 18–26°C, бусад нутгаар 12–18°C дулаан байдаг. 6 дугаар сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 50–70 мм, Баян–Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8–30 мм, бусад нутгаар 30–50 мм хүртэл хур тунадас ордог байна. 6 дугаар сарын нийлбэр хур тунадас Увс, Хөвсгөлийн нутаг, Ховд, Архангайн зүүн хойд, Завхан, Булганы баруун, Говь-Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

Долоодугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2–14°C, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20–28°C, бусад нутгаар 14–20°C дулаан байдаг. 7 дугаар сарын агаарын температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80–120 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10–40 мм, бусад нутгаар 40–80 мм хүртэл бороо ордог. 7 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Зөвлөмж

5 болон 6 дугаар сард зүүн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас харьцангуй бага байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур тав, зургаадугаар саруудад зүүн болон говийн аймгуудаар ОЖД–аас дулаан байх бол, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд тав дугаар сард Хэнтийн уулархаг, Орхон Сэлэнгийн баруун хэсгээр ОЖД-аас ахиу. Хангайн нуруугаар ОЖД-аас бага бусад нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Зургаадугаар сард Их нуруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг, Орхон Сэлэнгийн баруун хэсгээр ОЖД-аас  ахиу,  Дорнод  Монголын  талын  баруун  хэсгээр  ОЖД-аас  бага  бусад  нутгаар  ОЖД–ийн  орчим  байх төлөвтэй байна. Долоодугаар сард агаарын температур Алтайн уулархаг нутгаар ОЖД-аас ахиу бусад нутгаар ОЖД- орчим байна.Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Мөн тав болон зургаадугаар сард зүүн аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаа тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, гал, цог, нурмыг бүрэн унтрааж, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг аюулд учруулахгүй байхыг анхааруулж байна.

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын илгээлт

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын  илгээлт

“Далай, цаг агаар ба уур амьсгал”

2021 оны Дэлхийн Цаг уурын өдөр

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын  илгээлт

2021 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Далай, цаг агаар ба уур амьсгал” сэдвийн доор тэмдэглэж байна. Энэ сэдвийг онцолсон нь дэлхийн систем дэх далай, цаг агаар, уур амьсгалын харилцан уялдаанд Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) анхаарлаа хандуулж байгаа явдал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далай бүхэлдээ дулаарч, цаашлаад цаг агаарт маш ихээр нөлөөлж байна. ДЦУБ-аас жил бүр гаргадаг Дэлхийн уур амьсгалын төлөв байдлын тайланд дурдсанаар 2020 он Номхон далайд Ла Нинагийн үзэгдлийг эс тооцвол хамгийн дулаан гурван жилийн нэг байлаа. Мөн түүнчлэн 2011-2020 оны хоорондох сүүлийн арван жил хамгийн дулаан арван жил байсан.

Далайн температур нь дээд түвшинд хүрч, улам бүр хүчиллэг болсоор байна. Хойд хагас бөмбөрцөг, Гринландын болон Антарктикийн мөсөн голууд хайлж, далайн усны түвшин улам хурдацтай нэмэгдэж байна. Өнгөрсөн жил дэлхий даяар ой хээрийн түймрийн улирал уртсан удаан үргэлжилсэн гантай жил тохиосон билээ. Жишээлбэл, Австралид гамшгийн хэмжээнд хүрсэн ой хээрийн түймэр нь тухайн улирлыг хуурай болоход нөлөөлсөн далайн температуртай холбоотой байв.

Далайн температур дулаан байсан нь Атлантын далайн хар салхины улирлын хамгийн дээд хэмжээнд хүрэхэд, мөн Энэтхэгийн далай болон Номхон далайн өмнөд хэсэгт ер бусын хүчтэй тропикийн циклон үүсэхэд нөлөөлсөн. Эдгээр бүс нутагт болсон шуурганы хохирол нь далай тэнгисийн асар их хүч нь эрэг орчмын ард иргэдэд ямар их аюултай болохыг харуулсан юм. Тропикийн гаднах далайн шуурга нь хүний амь нас, ачаа тээвэрт аюул учруулж усан онгоцуудыг сүйрэлд хүргэсээр байна.

2020 онд Арктикийн мөсөн далайн мөсний хэмжээ нь хамгийн бага хэмжээтэй байсан жилүүдийнхээс ч бага байлаа. Далайн мөс хайлсны улмаас үүдсэн мөсний аюултай үзэгдэл болон далайн эргийн үерийн улмаас туйлын нутгийн оршин суугчид ихээхэн хохирол амсаж байна. Үүнтэй холбогдуулан ДЦУБ далай тэнгисийн талаарх судалгаа, ажиглалт, урьдчилсан мэдээ, үйлчилгээг агаар мандал, газар, цэвдэгт мандлын нэгэн адил дэмжсээр ирсэн.

Далайн талаарх мэдээ, мэдээллийн дутмаг байдал нь цаг агаарын урьдчилсан мэдээг урт хугацаагаар нарийвчлан гаргах, мөн илүү улирлын чанартай урьдчилсан мэдээ гаргахад хүндрэл учруулдаг. ДЦУБ-аас 2020 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Мэдээ, мэдээллийн талаарх бага хурлаас мэдээ, мэдээлэл дутагдалтай,  ялангуяа далайн талаарх мэдээ дутмаг байгааг цохон тэмдэглэсэн байна. Энэ хурлаар эдгээр мэдээ, мэдээллийн эдийн засгийн нийт үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн системийн мэдээ, мэдээлэлд үнэгүй, нээлттэй нэвтрэх хэрэгтэйг онцолсон юм.

ДЦУБ нь манай дэлхийн системийн нэг хэсэг болох далайг илүү сайн танин мэдэх, ажиглах, урьдчилан мэдээлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын Далай судлалын комисс зэрэг олон байгууллагуудтай хамтран ажилладаг.

Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь далай тэнгисийн эргээс 100 км-ийн зай дотор амьдардаг тул ард иргэдийг эрэг орчмын гамшгаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. ДЦУБ болон түүний Гишүүн орнууд далай тэнгисийн эрэг орчмын бүс нутгийн удирдлагыг дэмжих, тэдгээрийн гадаад нөлөөллийг даван туулах чадварыг сайжруулах, мөн түүнчлэн Олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх системийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Дэлхийн худалдааны бараг 90 орчим хувь нь далайгаар дамжин өнгөрдөг бөгөөд далайн цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбоотой аюулд өртдөг. ДЦУБ нь далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын төлөө стандартчилагдсан мэдээлэл, урьдчилсан болон сэрэмжлүүлэг мэдээгээр хангахын тулд Олон улсын далайн байгууллага болон Олон улсын Ус зүйн байгууллагатай хамтран ажилладаг.

Ирэх арван жил нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, түүнд дасан зохицох арга замыг шийдвэрлэхэд нэн чухал жилүүд байх болно.  ДЦУБ нь энэхүү ажилд хүчин чармайлт гаргахад туслалцаа үзүүлж, Earth Shot Prize (2021-2030) шагналд нэр дэвшсэн албан ёсны Нэр дэвшигчийн хувьд байгаль орчин, түүний дотор далай, уур амьсгалын талаарх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг эрэлхийлж байна.

Энэ жил НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөө Далайн шинжлэх ухааны арван жил (2021-2030) эхэлж байгаа нь ДЦУБ-ын хувьд чухал ач холбогдолтой юм. ДЦУБ нь "аюулгүй далай", "урьдчилан мэдээлэгдсэн далай", "тунгалаг далай" гэсэн Арван жилийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах үүрэг хүлээж байна.

ДЦУБ нь түнш байгууллагуудтайгаа хамтран Дэлхийн системийн шинжлэх ухааны ололтыг үйлчилгээнд өргөнөөр нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.

Цаг агаар болон уур амьсгалыг танин мэдэхийн тулд бид далайгаа танин мэдэх ёстой. Бид нийгмийн эмзэг бүлгүүдийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн суурь хөтөлбөр, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр болон жижиг арлуудын хөгжиж буй орнуудын “SAMOA Зам” хөтөлбөрийг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно.

ДЦУБ нь өөрийн Гишүүн орнуудын нэн тэргүүний асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ирэх онд хэд хэдэн чухал дэлхийн санаачлагыг тэргүүлэх болно:

  1. Дэлхийн ажиглалтын суурь сүлжээг сайжруулах, ялангуяа буурай хөгжилтэй орнууд болон жижиг арлуудын хөгжиж буй орнуудын хувьд цаг агаар, уур амьсгалын ажиглалтыг тогтмолжуулахын тулд Системчилсэн ажиглалтын санхүүжилтийн шинэлэг механизмыг бий болгох нь чухал байна.
  2. Хоёрдугаарт, устай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилт 6-гийн үйл ажиллагааг хурдасгахын тулд усны нөөц ба уур амьсгалын асуудлаар эвсэл байгуулж байна.
  3. Гуравдугаарт, ДЦУБ-ын бүх Гишүүн орнуудын олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх систем болон үйлчилгээг сайжруулахаар зорьж байна.

Та бүхэнд Дэлхийн цаг уурын өдрийн баярын мэнд хүргэе.

 

Хаврын улирлын цаг агаарын онцлог

ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

Шилжилтийн улиралд манай орны цаг агаарын нөхцөл эрс хувьсамтгай байдгаас нам үүл үүсч уулаар суух, борооны бөөн үүл үүсэх, ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурч алсын барааны харагдац муудах, нислэгийн замд сэгсрэлт, мөстөлт үүсэх, шар усны үер болон түймэр болох зэрэг нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл үүсэх магадлал өндөр байдаг. Өндрийн фронтын бүс Монгол улсын нутаг дээгүүр дамнан байрлаж, циклоны давтагдал нэмэгддэгээс салхины хүч ихсэж цасан ба шороон шуурганы ихэнх нь хавар тохиолддог.

Хүчтэй салхи: Хүчтэй салхи үүсэх нь өндрийн фронтын бүсийн дагуу өндрийн хотос дайран өнгөрөх үед циклон идэвхиждэгтэй холбоотой байдаг. Буянт-Ухаа орчим ихэвчлэн хойд ба баруун хойд зүгийн хүчтэй салхи зонхилох боловч зүүн өмнөдийн хүчтэй салхи нийт тохиолдлын бараг гуравны нэг хувийг эзэлдэг. Салхины хурдыг авч үзвэл манай орны ихэнх нутагт 15-18 м/с байх нь нийт тохиолдлын 80% гаруй, 19-22 м/с байх нь 10% гаруй, 15-22 м/с байх нь 90% орчмыг эзэлнэ. Цасан ба шороон шуурганы нислэгт үзүүлдэг нэг нөлөө нь алсын барааны харагдац /АБХ/ бөгөөд судалгаанаас үзэхэд АБХ-ыг нийт тохиолдлын 65% нь 2км-с дотогш ортол, 50-иад хувь нь 1км-ээс, гуравны нэг орчим хувь нь 0.5км-с дотогш орж муутгадаг байна.

Орон шуурга: ихэвчлэн III-V сард тохиолдох ба говь тал нутгаар III сард, уулархаг нутаг болон Их нууруудын хотгорт IV сард хамгийн олон тохиолдоно. Цасан шуурга манай орны хангай говийн зааг нутаг, хээрийн бүсэнд олонтаа тохиолдоно. Орон шуургатай өдрийн газарзүйн тархацыг авч үзвэл нэг талаас өвлийн төгсгөлөөр Өвөрхангай, Дундговь, Сэлэнгийн районд циклон идэвхиждэг, нөгөө талаас Хангай, Хэнтийн уулсын хоорондох хөндийн нөлөөгөөр төвийн нутгийн баруун өмнөд хэсэгт жилд 5 хоногоос их байдаг бол зүүн аймгуудын нутгаар 6 хоногоос их, Говь-Алтай орчим 9 хоногоос их байдаг. Орон шуурганы тасралтгүй үргэлжлэх хугацааны 30-40% нь 1-3 цагийн хооронд оногдох бөгөөд 30 минутаас богино юмуу 12 цагаас удаан үргэлжилсэн орон шуурга цөөн тохиолдоно.

Шороон шуурга: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар жилд 5 өдрөөс цөөн, говийн бүсэд 20-37 өдөр, Их нууруудын хотгорт 10-17 өдөр байдаг. Манай оронд шороон шуурганы хамгийн их давтагдалтай Алтайн чанад говь, Өмнөговийн Улаан нуурын район, Замын -Үүд орчим гэсэн 3 бүс байдаг. Дундад өргөргийн фронтын бүс хаврын улиралд манай нутаг дээгүүр хойш шилжиж циклоны үйлчлэл идэвхиждэгтэй холбоотойгоор шороон шуурганы давтагдлын 60% орчим нь энэ улиралд хүрэхгүй шахам ажиглагдана. Хангайн бүс нутаг, Их нууруудын хотгорт шороон шуурганы 60-80% нь 3 цагаас богино хугацаагаар үргэлжилдэг бол тал хээр, говийн бүсэд 12 цагаас давах тохиолдол цөөнгүй байдаг. Цасан ба шороон шуурганы нислэгт үзүүлдэг нэг нөлөө нь алсын барааны харагдац бөгөөд судалгаанаас үзэхэд нийт тохиолдлын 65% нь 2000м-с дотогш ортол, 50% орчим нь 1000м-ээс, гуравны нэг орчим хувь нь 500м-с дотогш муутгадаг байна.

Сэгсрэлт: Агаарын хөлөг нисэх явцад салхины хурд болон чиглэлийн гэнэтийн огцом өөрчлөлтөнд орж онгоцонд нөлөөлөх үзэгдлийг сэгсрэлт гэж нэрлэдэг. Турбулент хөдөлгөөний улмаас онгоцонд үзүүлэх сэгсрэлтийг цэлмэг тэнгэр дэх, үүлэн дэх, олгойдох урсгал дахь, уулын сэгсрэлт гэж ангилж болно. Конвекцийн хөдөлгөөн ба Сэмжин /Ci/ үүлний нөлөөгөөр долгиолог хөдөлгөөний улмаас цэлмэг тэнгэрт турбулент хөдөлгөөн ажиглагддаг. Долгиолог хөдөлгөөн нь хоёр өөр шинж чанартай агаарын массын зааг дээр үүсдэг. Цэлмэг тэнгэрт үүсдэг өөр нэг хүчтэй сэгсрэлт нь 7-10 км-ийн өндөрт ажиглагддаг салхи, температурын орны огцом өөрчлөлтийн орны зааг юм. Үүлэн дэх сэгсрэлт цэлмэг тэнгэрийг бодвол илүү эрчимтэй байдаг. Гэхдээ үүл бүрт босоо хөдөлгөөний эрчим өөр өөр байдагтай уялдан сэгсрэлтийн тархалт, эрчим нь янз бүр байдаг. Олгойдох урсгал дахь сэгсрэлт гол төлөв тропосферийн доод ба дунд хэсэгт ажиглагдана. Олгойдох урсгалын захын хэсэг рүү хүчтэй сэгсрэлт ажиглагдах ба олгойдох урсгалын хүйтэн талд нь дулаан талыг бодвол харьцангуй буюу бараг 1.5 дахин илүү сэгсрэлт үүсдэг. Уулын сэгсрэлт уулын оройн салхины шигүүсэл болж буй тэр мужид ажиглагдана. Уулын өндөр 1км-ээс их бол аль ч улиралд уулын долгион үүсч сэгсрэлт болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Шар усны үер: Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно. Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад үндсэндээ 4 дүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, 6 дугаар сарын сүүлчээр ажиглагдана.

Түймэр: Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурга ихсэхтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Нийт түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүсэлтэй хэдий ч гарсан түймрийг илүү их аюултай болгодог нь цаг агаарын нөхцөл байдаг. Тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба хээрийн түймэр нь ургамал, амьтан төдийгүй хүн ам эдийн засагт ихээхэн хүнд хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм. Монгол орны цасан бүрхэцийн хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан зураг мэдээг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн http://icc.mn/index.php?menuitem=5&datatype=msnow хаягаар үзнэ үү.

МАНПИНГ-н Холбоо, Навигаци, Ажиглалтын ажлын хэсгийн нэгдсэн хурал цахимаар болж байна.

МАНПИНГ-н Холбоо, Навигаци, Ажиглалтын ажлын хэсгийн нэгдсэн хурал цахимаар болж байна.

Холбоо, Навигаци, Ажиглалтын ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан цахимаар 12 сарын 09-ний өдөр 09 цагаас 12 цагийн хооронд болж байна. Хуралд тус төвийн дарга Б.Баньдсүрэн, Чанарын менежер Д.Ганбат, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Басбиш, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай, Сүлжээ мэдээллийн сангийн инженер А.Баярмаа нар оролцож байна.

МАНПИНГ-ийн Нислэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажлын хэсгийн хуралд цахимаар оролцлоо.

Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг  (МАНПИНГ)-ийн 
Нислэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажлын хэсгийн 
хуралд цахимаар амжилттай оролцлоо.

Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг  (МАНПИНГ)-ийн Нислэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажлын хэсгийн хурал 2020 оны 12 сарын 03-ны 13:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Нислэгийн цаг уурын төвөөс Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар “Чингис Хаан ОУНБ-ын салхины судалгааны зарим үр дүнгийн талаар” сэдэвтэй илтгэл тавьсан. Хуралд тус төвийн дарга Б.Баньдсүрэн, Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Чанарын менежер Д.Ганбат, Дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Басбиш, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай, Сүлжээ мэдээллийн сангийн инженер А.Баярмаа нар оролцлоо.

ICAO APAC-н цаг уурын дэд ажлын хэсгийн хурал, семинарт оролцож байна.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын 
дэд ажлын хэсгийн хурал, семинарт оролцож байна.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн хурал, семинар 2020 оны 11 сарын 30-ны 11:00 цагаас 13:00 цагийн хооронд цахимаар болж байна. Тус хуралд НААХЗА-ны ААНХХ-ийн байцаагч Д.Маасүрэн, тус төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Чанарын менежер Д.Ганбат, Дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Басбиш, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцож байна.

(APANPIRG/MET SG24) 24 дүгээр хуралд цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн

(APANPIRG/MET SG24) 24 дүгээр хуралд цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал 2020 оны 11 сарын 16-наас 20-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан. Тус хуралд 31 улс орны 138 төлөөлөгчид оролцлоо.  Энэхүү хурлаар нийт 31 улс 8 чиглэлээр нисэхийн цаг уурын хэрэгцээ, шаардлага, мэдээлэл солилцоо, үйлчилгээний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг  54 асуудал  25 ажлын хуудас “WP”, 29 мэдээлэх хуудас “IPs”  хэлэлцсэн. Мөн цаг уурын мэдээлэл солилцооны загвар IWXXM -ыг Чикагогийн  конвенцийн Хавсралт 3-т орж буй 79 дэх нэмэлт, өөрчлөлтийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Монгол улсын төлөөлөгчид ROBEX Handbook (Бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага) -ийн шинэчлэлд Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал (ZMCK)-ийн тухай мэдээллийг оруулах саналаа хүргүүлж хэлэлцүүллээ.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хуралд цахимаар оролцож байна.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал 2020 оны 11 сарын 16-наас 20-ны өдрүүдэд цахимаар болж байна. Хуралд ИНЕГ-ын НААХЗА-ны ААНХХ-ийн байцаагч Д.Маасүрэн, тус төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцож байна.