“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудалд цаг уурын үйлчилгээг явуулж эхэллээ

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үүнтэй холбоотойгоор Чингис хаан" ОУНБ дахь цаг уурын үйлчилгээний нэгжүүдийн сүлжээ, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, хүний нөөц, ажлын байрны бэлэн байдлыг хангаж, нислэгийн цаг уурын үйлдвэрлэл, үйлчилгээг нүүлгэн шилжүүлснээр шинэ нисэх буудлын анхны хөөрч, буух агаарын хөлгийн нислэгт цаг уурын мэдээний үйлчилгээг үзүүлсэн. Уг нээлтийн арга хэмжээнд Нислэгийн цаг уурын төвийн анхны дарга Дамдины Дамба урилгаар оролцлоо. Монгол Улсын “Ус, цаг уурын гавьяат ажилтан” Б.Жамбаажамц, цаг уурч Б.Жигмиддорж, Түвдэндорж нарын олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын үндсэн дээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн бичил уур амьсгалын нөхцөлийг тодорхойлж, иргэний нисэхийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд шинээр нисэх буудал барих төслийн ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүс билээ. Буянт-Ухаа цаг уурын станцын цаг тутмын ажиглалтын 1991-2001 оны мэдээнд боловсруулалт хийсний үр дүнд “Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын уур амьсгалын тодрхойлолт”-ыг 2004 онд хэвлүүлж гаргасан ба Хөшигийн хөндий дэх цаг уурын автомат станцын 2000-2006 оны мэдээгээр “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын уур амьсгалын тодорхойлолт”-ыг 2007 онд боловсруулсан. Эдгээр тодорхойлолтыг Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан стандартын дагуу хийсэн нь нэг талаас нисэх буудлуудын уур амьсгалын нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгөх, нөгөө талаас нислэгийн аюулгүй байдлыг хангах, түүний үр ашгийг дээшлүүлэхэд цаг уурын бодит болон урьдчилсан мэдээгээр үйлчлэх, нислэгт аюулгүй цаг агаарын нөхцөлийг урьдчилан мэдээлэх, энэ чиглэлээр судалгааны ажил хийх, түүнчлэн нисэх буудлын цаашдын үйл ажиллагааг төлөвлөхөд гарын авлага болон ашиглагдсанаар чухал ач холбогдолтой болсон.Цаг уурын автомат станцын тоололтоор 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиглалт хийж эхэлсэн.

Posted in Uncategorized.