2021 оны 7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30–70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°– аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол "Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн” –гийн 11–326606 утсаар холбогдох буюу тус хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс"–ээс тодруулах боломжтой.

ДОЛДУГААР САРД ТОХИОЛДСОН ДУЛААН БОЛОН ХҮЙТЭН ҮЕИЙН ДАВТАГДАЛ

Зураг 1–д 52 өртөөний 1981–2020 оны долдугаар сард тохиолдсон хүйтэн үеийн (ХҮ [Cold spell]: Агаарын хамгийн бага температур олон жилийн дунджаас (1991–2020) 5 хоног дарааллан 5oС–аар хүйтэрсэн үе) давтагдалын орон зайн тархалт, ХҮ ажиглагдсан өртөөдийн тооны олон жилийн явцыг дөрвөн бүс нутгаар үзүүлэв. Зураг 1а–аас харахад долдугаар сард нутгийн баруун хойд хагаст (Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд, Төв аймагийн нутгаар) 3–5 удаа буюу харьцангуй олон ХҮ тохиолдсон байхад бусад нутгаар 1–2 удаа тохиолдсон байна. Харин ХҮ тохиолдсон цаг уурын өртөөдийн тооны олон жилийн явцаас харахад (зураг 1б) 1982, 1988–1989 онд  баруун, төвийн бүс нутгаар тус бүр 8–12  өртөөдийг хамарсан ХҮ тохиолдсон байхад 1999 оноос хойш нийт нутгаар ХҮ–ийн давтагдал илэрхий буурсан буюу ховор ажиглагджээ.

Зураг 1. 1981–2020 оны долоо дугаар сарын а) Хүйтэн Үеийн (ХҮ) давтагдалын орон зайн тархалт,

б) ХҮ ажиглагдсан өртөөдийн тооны олон жилийн явц, бүс нутаг тус бүрээр

Зураг 2–д 52 өртөөний 1981–2020 оны долдугаар сард тохиолдсон дулаан үеийн (ДҮ [Warm spell]: Агаарын хамгийн их температур олон жилийн дунджаас (1991–2020) 5 хоног дарааллан 5oС–аар дулаарсан үе) давтагдалын орон зайн тархалт, ДҮ ажиглагдсан өртөөдийн тооны олон жилийн явцыг дөрвөн бүс нутгаар үзүүлэв. Зураг 2а–аас харахад долдугаар сард Завхан, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Увс, Ховд, Архангайн зүүн, Говь – Алтай, Баянхонгорын хойд, Дорноговийн зарим сумдын нутгаар 5–8 удаа буюу харьцангуй олон ДҮ тохиолдсон байхад бусад нутгаар 1–4 удаа тохиолдсон байна. Харин ДҮ тохиолдсон цаг уурын өртөөдийн тооны олон жилийн явцаас харахад (зураг 1б) 1991–2017 онуудад харьцангуй олон өртөөг хамарч ДҮ тохиолдсон ба ялангуяа 1999, 2002, 2004, 2007, 2017 онуудад ихэнх нутгийн хамарч тохиолдсон байна.

Зураг 2. 1981–2020 оны долдугаар сарын а) Дулаан Үеийн (ДҮ) давтагдалын орон зайн тархалт,

б) ДҮ ажиглагдсан өртөөдийн тооны олон жилийн явц, бүс нутаг тус бүрээр

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Долдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн нутаг, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд, Архангайн баруун өмнөд болон Хөвсгөлийн хойд хэсгээр +10…+16°C, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар +22...+26°C, бусад нутгаар +17...+22°C дулаан байдаг байна (Зурaг 3).

Зураг 3. 7-р сарын агаарын температурын ОЖД, [ °С].

Долдугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 1999–2002, 2004–2005, 2007–2010, 2014–2017 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв (Зурaг 4).

Зураг 4. 7-р сарын агаарын температурын олон жилийн явц

 [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

Сарын нийлбэр хур танадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 70–100 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм ордог (Зурaг 5).

Зураг 5. 7 – р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980–1981, 2000–2001, 2007, 2014, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1990, 1997–1998, 2003, 2006, 2012, 2018 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 6).

Зураг 6. 7-р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7), хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангай, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 7),  хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар сэрүүснэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 30–34°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 7),  хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 12)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 32–36°С хүрч хална.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

      

                           Зураг 7. 2021 оны 7-р сарын агаарын дундаж                                        Зураг 7. 2021 оны 7-р сарын нийлбэр хур

                   температурын урьдчилсан мэдээ, С0                                                        тунадасны урьдчилсан мэдээ, мм

                        [Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн

И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД–аас бага,

Н–агаарын температур, хур тунадас ОЖД–ийн орчим]

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2021 оны 7-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2021 оны 7-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2021 оны 7-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2021 оны 7-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

7 дугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин нутгийн өмнөд хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа нь дээрх бүс нутгуудаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Posted in Uncategorized.