ТОЙМ

2021 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын уур амьсгал

Агаарын температур VII сард Баян–Өлгийн баруун өмнөд, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд, Архангайн баруун болон Хөвсгөлийн баруун хойд хэсгээр +10…+14°C, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар +22...+26°C, бусад нутгаар +14...+22°C дулаан байдаг байна. VIII сард Баян–Өлгийн баруун өмнөд, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр +8...+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг. Харин IX сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +2...+6°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг болон Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12... +18°С, бусад нутгаар +6...+12°С дулаан байдаг. Хур тунадасны хувьд VII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 70–100 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм ордог бол VIII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог. Харин IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна.

7 – 9 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2021 оны VII сараас 2021 оны IX сарын цаг агаарын мэдээ

Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд, Архангайн баруун болон Хөвсгөлийн баруун хойд хэсгээр +10…+14°C, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар +22...+26°C, бусад нутгаар +14...+22°C дулаан байдаг. 7 дугаар сарын агаарын дундаж температур Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өвөрхангай, Төв аймгийн зүүн өмнөд, Сэлэнгийн зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Увсын баруун ба зүүн, Завханы зүүн хагас, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Төв, Сүхбаатарын зүүн хойд хэсгээр 50–100 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр 0–30 мм, бусад нутгаар 30–50 мм ордог. 7 дугаар сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы зүүн хойд, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Дундговь, Дорнодын өмнөд, Хэнтийн зүүн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр +8...+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг. 8 дугаар сарын агаарын дундаж температур Төв аймгийн зүүн, Говьсүмбэрийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсэг болон Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.  Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0-20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог. 8 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сүхбаатарын ихэнх, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Завханы баруун, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +2...+6°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг болон Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12... +18°С, бусад нутгаар +6...+12°С дулаан байдаг. 9 дүгээр сарын агаарын температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсгээр 25–50 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна. 9 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Хөвсгөлийн нутаг, Ховдын ихэнх, Завханы зүүн, Баянхонгор, Булганы хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Говь–Алтайн зарим сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зөвлөмж

Агаарын дундаж температур долдугаар сард нутгийн зүүн өмнөд хагаст, наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хагаст ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа тул дээрх бүс нутгуудад гандуу, хуурай байж, олон хоногоор хэт халуун үргэлжлэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Харин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим тунадас орох төлөвтэй байгаа ба дулааны улиралд харьцангуй богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх магадлалтай тул гэнэтийн болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Posted in Uncategorized.