Гавьяаны амралтанд нь үдэж өглөө

Сарантуяа 1960 онд Архангай аймгийн Тариат суманд Цэвээний 3 дугаар охин болж мэндэлсэн. Бага насандаа ясли цэцэрлэгээр хүмүүжиж, 1978 онд Баянхонгор аймгийн 1-р сургууль, 1983 онд МУИС-ийн Цаг уурын ангийг цаг уурч, цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. Нэгдүгээр зэргийн синоптик инженер. 1983-1985 онд Завхан аймгийн Урьдчилан мэдээлэх товчоо (УМТ)-нд синоптик инженер, 1985-1994 онд Баянхонгор аймгийн УМТ-нд ахлах инженер, 1994-1995 онд УЦУОШГ-ын Бохирдолтын лабораторит усны техникч, 1995 оноос тус байгууллагад холбооны операторч, цаг уурын техникч, синоптик инженер, технологич инженер, ахлах синоптик инженерээр 35 гаруй жил ажилласан.

Ц.Сарантуяа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын болон Завхан аймгийн Тосонцэнгэл, Өмнөговь аймгийн Ханбумбат,  Овоот, Тавантолгой  нисэх буудал орчмын цаг агаарын урьдчилсан мэдээний үйлчилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, олон улсын агаарын шугамд ниссэн 9000 гаруй, орон нутгийн агаарын шугамд ниссэн 7500, онцгой ба тусгай үүргийн 20 гаруй нислэгийг олон улсын дунджаас 10-15%-иар дээгүүр таарцтай урьдчилсан мэдээгээр үйлчлэн нислэгийн осол зөрчилгүй ажилласан.

Ц.Сарантуяагийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн 1985 онд Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын “Баярын бичиг”, 1987 онд УЦУОШГ-ын “Хүндэт жуух бичиг”, 1988 онд Байгаль орчныг хамгаалах яамны “Жуух бичиг”, 2004 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”, 2010 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр, 2014 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, 2015 онд ЗТХЯ-ны “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулж байсан.

Нислэгийн цаг уурын төвийн хамт олны зүгээс Ц.Сарантуяагийн олон жилийн хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулж, цаашдын амьдралд нь илүү их сайн сайхан бүхэн дэлгэрч, дэвжихийг билэгдэн сүүн цацал өргөн гавьяаны амралтанд нь гаргаж өглөө.

 
Posted in Uncategorized.