2020

2020

Техник, технологийн сайжруулалт:

          Нислэгт зориулсан цаг агаарын мэдээг олон улсад цаг уурын сүлжээ /GTS/-ээр дамжуулах нөөц сүлжээ бүрдүүлэх зорилгоор Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Message Switch System-ийн ажиллагаа, тохиргоог судлан БНХАУ, ОХУ болон Японы цаг уурын байгууллагууд болон бусад Бүсийн төвүүдтэй хамтран олон удаагийн туршилтыг явуулж, GTS болон Нисэхийн цахилгаан холбооны сүлжээ (AFTN)-ээр дамжигдаж буй мэдээний зөрүүг арилгаж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс GTS сүлжээгээр богино хугацааны урьдчилсан мэдээ, бодит ажиглалтын /METAR, TAF-FC/ мэдээг Вашингтон руу дамжуулж байна. Ингэснээр AFTN сүлжээнд гэмтэл доголдол гарсан үед нислэгийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл хангалтын тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

          Цаг агаарын тоон прогнозын боловсруулсан үр дүнг зураглах ажлын тухайд гаргасан үр дүнг бусад загварын үр дүнтэй харьцуулах болон Grads-аар зураг болгон гаргах туршилтын ажлуудыг хийж, эхний байдлаар үр дүнг гаргаж бэлдсэн. Мөн NCL программ хангамжийн тусламжтайгаар загварын үр дүнг шууд нөхөж бодолт хийж, зураг болгон гаргах ажиллагааг болон бусад тохиргооны ажлууд болон GRADS программыг судалж, зураглал гаргах ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна. Тоон загварын үр дүнгийн зургуудыг төвийн веб серверийн FTP-д автоматаар хуулах тохиргоо хийсэн төвийн цахим хуудсанд байршуулсан.

          2019 онд Цаг уур, орчны шинжилгээний газраас 8.8 сая төгрөгийн өртөгтэй “Нислэгийн цаг уурын мэдээг интернэт болон дотоод сүлжээний орчинд хүлээн авч, боловсруулах веб суурьтай программ хангамж”-ийн зардлыг шийдвэрлэж, Төгс гэрэгэ компани гүйцэтгэсэн ба 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ашиглан урт болон богино хугацааны урьдчилсан мэдээ, SIGMET мэдээнүүдийг дамжуулах туршилтын ажлыг эхлүүлж, 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

          Бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээний мэдээллийн солилцоог шуурхай, оновчтой нэгдсэн нэг систем болох даяарх мэдээллийн менежмент буюу SWIM концепц нь нисэхийн мэдээлэл солилцоо (AIXM), нислэгийн баримт бичгийн мэдээлэл солилцоо (FIXM), цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM-ICAO meteorological information exchange model)-ны систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-ийн агаарын навигацийн үйлчилгээн дэх нисэхийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл солилцоог сайжруулах зорилгын хүрээнд ОУИНБ ба ДЦУБ-ын хамтарсан ажлын хүрээнд IWXXM 3.0 хувилбарын ерөнхий бүтцийг гаргасан. Чикагогийн конвенцийн 3 дугаар хавсралт, Нэмэлт 78 дугаар өөрчлөлтөөр цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM)-г 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Энэхүү концепцийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 1 сард “Нислэгийн цаг уурын олон улсын мэдээ солилцооны систем хөгжүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай техникийн тодорхойлолт боловсруулж, тендерийн материалын төсөл бэлтгэн Цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлж 44,7 сая төгрөгийн өртөгтэй програм хангамжийн зардлыг шийдвэрлэсэн. 9 сарын 17-нд тендерт Бидсолюшн ХХК шалгарч, 10 сарын 1-ний өдөр гэрээ байгуулан нислэгт зориулсан цаг агаарын бодит болон  буудал орчмын урьдчилсан мэдээ, AIRMET, SIGMET, тропикийн циклон, галт уулын үнс, сансрын цаг уурын мэдээ дамжуулж, хүлээн авах систем программ хангамжийг хөгжүүлж,  тус төвд 12 сарын 15-нд хүлээлгэн өгсөн.

          Тус төвөөс гаргадаг урьдчилсан болон бодит мэдээг хэрэглэгчдэд хүргэн нислэгийн цаг уурын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчдэд зэрэг түгээх, хэрэглэгчдэд ойлгомжтой, нээлттэй төдийгүй цаашид хөгжүүлэлт хийн өргөжүүлэх боломжтой бөгөөд энэхүү системийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үйл ажиллагаа, үйлчилгээний онцлогт тохирсон мэдээллийн систем, өгөгдлийн баазыг зохих түвшинд байгуулан, мэдээлэл бүртгэх, цуглуулах, боловсруулах боломжтой бөгөөд олон зэрэг ажиллаж байгаа жижиг програмуудыг нэгтгэж, ачааллыг багасгах, нэгдсэн том мэдээллийн санг үүсгэх, нэг системээр олон ажил хийх, өдөр тутмын үйл ажиллагаагааг автоматжуулах, хяналтын процессыг боловсронгуй болгох бололцоог хангах юм.

Хамтын ажиллагаа:

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны урилгаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн багт төвийн дарга оролцож, 2020 оны 1 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк улсад айлчилж, Монгол улс болон Бүгд Найрамдах Турк улсын Цаг уурын салбарын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар анхдугаар уулзалтанд оролцлоо. Хамтарсан ажлын хэсгийн анхдугаар уулзалтын үр дүнд хоёр тал цаашид Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах арга, тоон загварчлалыг сайжруулах, Хөдөө аж ахуйн цаг уур, Зайнаас тандан судлал, Уур амьсгал судлал, Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө, Сургалт гэсэн 7 чиглэлээр хамтран ажиллахаар протоколд гарын үсэг зурсан байна.

  • 2020 оны 05 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн “Цаг уурын хэрэгцээ, шаардлага (MET/R WG/9)” 9 дэх хурал,
  • 7 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд Ази Номхон далайн бүсийн “Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” ажлын хэсгийн 18 дахь удаагийн хурал, “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь хурал,
  • 7 дугаар сарын 28-нд “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь, -10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны загвар (IWXXM) хэрэгжүүлэлтийн хурал, семинар
  • 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал тус тус цахимаар зохион байгуулагдсан.

Дээрх хурлуудаар нийт 31 улс 8 чиглэлээр нисэхийн цаг уурын хэрэгцээ, шаардлага, мэдээлэл солилцоо, үйлчилгээний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг хийгдсэн. Монгол улсын төлөөлөгчид ROBEX Handbook (Бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага)-ийн шинэчлэлд Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын мэдээллийг оруулах саналаа хүргүүлж, AMHS болон IWXXM хэрэгжүүлэлтийн талаарх ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн судалгаанд оролцсон. Мэдээлэх хуудас IP/20-аар “Монгол улс нь нисэхийн цаг уурын олон улсын мэдээлэл солилцоонд цаг уурын сүлжээ (GTS)”-г ашиглаж эхэлсэн тухай мэдээлсэн.

Шинэ нисэх буудлын бэлтгэл ажлууд:

Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагийн байран дахь өрөө тасалгааны зохион байгуулалт, ОУИНБ-ын баримт 9184-ийн Part 1-ийн 12.8.1, 12.8.5 дахь заалтад нийцэхгүй байгаа, сүлжээ, тоног төхөөрөмж, тавилгыг суурилуулах, ажилтнуудыг шинэ ажлын байранд шилжих, танилцах дадлага сургалт зохион байгуулах боломжоор хангах асуудлыг шийдвэрлүүлэх талаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-д хүсэлт гаргаж, Мэдээлэл, үйлчилгээний хэлтэст Захиргааны байранд ажлын болон амралтын 2 хэсэгтэй 51мкв талбайтай өрөө, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагт 16мкв талбайтай өрөөг Нислэгийн цаг уурын өртөөнд тус тус хуваарилсан. ЦУОШГ-аас ирж буй 8mbps хурдтай сүлжээг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүлээн авч, ажлын байруудад цаг уурын болон нисэхийн технологийн сүлжээ, цахилгааны холболтууд бүрэн хийгдсэн. Үйл ажиллагаанд хэрэглэгдэх терминал машинуудын хэвийн ажиллагааг шалгаж, өрөөнүүдийн тохижилт бусад ажлуудыг хийж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн засвар, тохижилтын ажилд ЦУОШГ-аас 1,375,000 төгрөгийн зардал гаргаж, дэмжлэг үзүүлсэн.

“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хөөрч, буух зурвасын дагуух цаг уурын алсын барааны тэмдэгтүүд болон “SPECI” мэдээ өгөх хязгаарлалт, аюулгүйн бүсийн өртөөг шинэчлэн холбогдох албан тушаалтнуудаар батлуулсан. 6 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд шинэ нисэх буудал дээр үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбоотой танилцах сургалт, дадлага зохион байгуулсан.

Сургалт:

            Нислэгийн цаг уурын төвөөс зохион байгуулсан цахим сургалтад төв, орон нутгийн УЦУОШТ-үүдээс 301, олон улсын болон дотоодын сургалтад 22, үндсэн болон салбар зөвлөлийн 6 хуралд давхардсан тоогоор 23 албан хаагч оролцсон.