Хаврын улирлын цаг агаарын онцлог
Шилжилтийн улиралд манай орны цаг агаарын нөхцөл эрс хувьсамтгай байдгаас нам үүл үүсч уулаар суух, борооны бөөн үүл үүсэх, ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурч алсын барааны харагдац муудах, нислэгийн замд сэгсрэлт, мөстөлт үүсэх, шар усны үер болон түймэр болох зэрэг нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл үүсэх магадлал өндөр байдаг. Өндрийн фронтын бүс Монгол улсын нутаг дээгүүр дамнан байрлаж, циклоны давтагдал нэмэгддэгээс салхины хүч ихсэж цасан ба шороон шуурганы ихэнх нь хавар тохиолддог.
Хүчтэй салхи: Хүчтэй салхи үүсэх нь өндрийн фронтын бүсийн дагуу өндрийн хотос дайран өнгөрөх үед циклон идэвхиждэгтэй холбоотой байдаг. Буянт-Ухаа орчим ихэвчлэн хойд ба баруун хойд зүгийн хүчтэй салхи зонхилох боловч зүүн өмнөдийн хүчтэй салхи нийт тохиолдлын бараг гуравны нэг хувийг эзэлдэг. Салхины хурдыг авч үзвэл манай орны ихэнх нутагт 15-18 м/с байх нь нийт тохиолдлын 80% гаруй, 19-22 м/с байх нь 10% гаруй, 15-22 м/с байх нь 90% орчмыг эзэлнэ.
Цасан ба шороон шуурганы нислэгт үзүүлдэг нэг нөлөө нь алсын барааны харагдац /АБХ/ бөгөөд судалгаанаас үзэхэд АБХ-ыг нийт тохиолдлын 65% нь 2км-с дотогш ортол, 50-иад хувь нь 1км-ээс, гуравны нэг орчим хувь нь 0.5км-с дотогш орж муутгадаг байна.
Орон шуурга: ихэвчлэн III-V сард тохиолдох ба говь тал нутгаар III сард, уулархаг нутаг болон Их нууруудын хотгорт IV сард хамгийн олон тохиолдоно. Цасан шуурга манай орны хангай говийн зааг нутаг, хээрийн бүсэнд олонтаа тохиолдоно. Орон шуургатай өдрийн газарзүйн тархацыг авч үзвэл нэг талаас өвлийн төгсгөлөөр Өвөрхангай, Дундговь, Сэлэнгийн районд циклон идэвхиждэг, нөгөө талаас Хангай, Хэнтийн уулсын хоорондох хөндийн нөлөөгөөр төвийн нутгийн баруун өмнөд хэсэгт жилд 5 хоногоос их байдаг бол зүүн аймгуудын нутгаар 6 хоногоос их, Говь-Алтай орчим 9 хоногоос их байдаг. Орон шуурганы тасралтгүй үргэлжлэх хугацааны 30-40% нь 1-3 цагийн хооронд оногдох бөгөөд 30 минутаас богино юмуу 12 цагаас удаан үргэлжилсэн орон шуурга цөөн тохиолдоно.
Шороон шуурга: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар жилд 5 өдрөөс цөөн, говийн бүсэд 20-37 өдөр, Их нууруудын хотгорт 10-17 өдөр байдаг. Манай оронд шороон шуурганы хамгийн их давтагдалтай Алтайн чанад говь, Өмнөговийн Улаан нуурын район, Замын -Үүд орчим гэсэн 3 бүс байдаг. Дундад өргөргийн фронтын бүс хаврын улиралд манай нутаг дээгүүр хойш шилжиж циклоны үйлчлэл идэвхиждэгтэй холбоотойгоор шороон шуурганы давтагдлын 60% орчим нь энэ улиралд хүрэхгүй шахам ажиглагдана. Хангайн бүс нутаг, Их нууруудын хотгорт шороон шуурганы 60-80% нь 3 цагаас богино хугацаагаар үргэлжилдэг бол тал хээр, говийн бүсэд 12 цагаас давах тохиолдол цөөнгүй байдаг.
Цасан ба шороон шуурганы нислэгт үзүүлдэг нэг нөлөө нь алсын барааны харагдац бөгөөд судалгаанаас үзэхэд нийт тохиолдлын 65% нь 2000м-с дотогш ортол, 50% орчим нь 1000м-ээс, гуравны нэг орчим хувь нь 500м-с дотогш муутгадаг байна.
Сэгсрэлт: Агаарын хөлөг нисэх явцад салхины хурд болон чиглэлийн гэнэтийн огцом өөрчлөлтөнд орж онгоцонд нөлөөлөх үзэгдлийг сэгсрэлт гэж нэрлэдэг. Турбулент хөдөлгөөний улмаас онгоцонд үзүүлэх сэгсрэлтийг цэлмэг тэнгэр дэх, үүлэн дэх, олгойдох урсгал дахь, уулын сэгсрэлт гэж ангилж болно. Конвекцийн хөдөлгөөн ба Сэмжин /Ci/ үүлний нөлөөгөөр долгиолог хөдөлгөөний улмаас цэлмэг тэнгэрт турбулент хөдөлгөөн ажиглагддаг. Долгиолог хөдөлгөөн нь хоёр өөр шинж чанартай агаарын массын зааг дээр үүсдэг. Цэлмэг тэнгэрт үүсдэг өөр нэг хүчтэй сэгсрэлт нь 7-10 км-ийн өндөрт ажиглагддаг салхи, температурын орны огцом өөрчлөлтийн орны зааг юм. Үүлэн дэх сэгсрэлт цэлмэг тэнгэрийг бодвол илүү эрчимтэй байдаг. Гэхдээ үүл бүрт босоо хөдөлгөөний эрчим өөр өөр байдагтай уялдан сэгсрэлтийн тархалт, эрчим нь янз бүр байдаг. Олгойдох урсгал дахь сэгсрэлт гол төлөв тропосферийн доод ба дунд хэсэгт ажиглагдана. Олгойдох урсгалын захын хэсэг рүү хүчтэй сэгсрэлт ажиглагдах ба олгойдох урсгалын хүйтэн талд нь дулаан талыг бодвол харьцангуй буюу бараг 1.5 дахин илүү сэгсрэлт үүсдэг. Уулын сэгсрэлт уулын оройн салхины шигүүсэл болж буй тэр мужид ажиглагдана. Уулын өндөр 1км-ээс их бол аль ч улиралд уулын долгион үүсч сэгсрэлт болох нөхцөлийг бүрдүүлдэг.
Шар усны үер: Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно. Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад үндсэндээ 4 дүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж байвал 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, 6 дугаар сарын сүүлчээр ажиглагдана.
Түймэр: Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурга ихсэхтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Нийт түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүсэлтэй хэдий ч гарсан түймрийг илүү их аюултай болгодог нь цаг агаарын нөхцөл байдаг. Тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба хээрийн түймэр нь ургамал, амьтан төдийгүй хүн ам эдийн засагт ихээхэн хүнд хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм.
Монгол орын цасан бүрхэцийн хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан зураг мэдээг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн http://icc.mn/index.php?menuitem=5&datatype=msnow хаягаар үзнэ үү.
Нислэгийн цаг уурын төв