Хуурайшлын зэргийн мэдээлэл

Хуурайшлын зэргийн мэдээлэл

Өнөөдрийн байдлаар манай орны ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна. Энэ нь дээрх нутгаар өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн 2 дугаар сарын сүүлийн хагас, 3-р сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой юм. Иймээс 2019 оны 3 дугаар сарын 5-ны байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн хойд, Булган аймгийн нутгийн өмнөд, Архангай аймгийн зүүн хэсэг хуурайшлын дунд зэргийн харин Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр хуурайшлын бага зэргийн ангилалд багтаж байна. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдийн цаг агаарын төлвөөр эдгээр хуурайшлын зэрэглэл өндөртэй байгаа бүс нутгаар хур тунадас орох магадлал бага байна. Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

Нислэгийн цаг уурын төвийн ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг нэг жилээр сунгууллаа.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг үзлэг шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 7 хоног ийн хугацаатай явуулж, ажлын хэсгийн тайланг үндэслэн ИНД-174-01 тоот гэрчилгээний хугацааг 1 жилээр сунгалаа.

Төсөл хэрэгжүүлэх судалгааны баг ажиллаж байна.

Нислэгийн цаг уурын үйлчилгээг шинэчлэн сайжруулах Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын цаг уурын байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ДЦУБ, БНСУ-ын Цаг уурын  байгууллагын судалгааны баг 2019 оны 02 сарын 18-22-ны өдрүүдэд тус төвийн үйл ажиллагаа, цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоо, тоног төхөөрөмж зэргийг судлахаар ажиллаж байна.

Уулзалтад Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын Цаг уурын газар, Солонгосын нислэгийн цаг уурын агентлагийн төлөөлөгч, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны цаг уурын байцаагч, Нислэгийн цаг уурын төвийн удирдлагууд оролцлоо.

Сургалт явагдаж байна.

Сургалт явагдаж байна.

Нислэгийн цаг уурын төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг Иргэний агаарын тээврийн нислэгт цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан инженер, техникчдэд зориулсан давтан сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Сургалтаар үйл ажиллагаанд мөрдөгддөг заавар, журамд орсон нэмэлт өөрчлөлтүүд, онолын болон технологийн бататгах хичээл, дадлага явуулж ЦУОШГ-ын даргын тушаалаар нислэгт цаг агаарын бодит ажиглалтын мэдээгээр үйлчлэх “Мэргэшлийн үнэмлэх” олгоно.

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалт явагдаж байна

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалт явагдаж байна

02 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсэг ИНД-174-ийн  “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг шалгалтыг явуулж байна.

Ажлын хэсгийнхэн өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажлууд, төлөвлөгөөний биелэлт, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчлийг бууруулах талаар авсан арга хэмжээ, мэдээ зохиолт, дамжуулалт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилт, мөрдөгдөж буй заавар журмын хэрэгжилтийг шалгаж байна.

2019 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.

Уур амьсгалын тойм

Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оны\уур амьсгалын\ дунджаар Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг.

            2 дугаар сард 1990 оноос ихэнх нутгаар харьцангуй дулаарч, ялангуяа 1998, 1999, 2002,2004, 2007, 2015 онуудад сарын дундаж температур уур амьсгалын дунджаас 3-9 градусаар дулаан байж, зарим жилд өдөртөө говийн нутгaaр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарсан байна. Харин сарын дундаж температур 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010, 2012-2014 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-10 градусаар хүйтэн болж, 2010, 2012, 2013 онд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр зарим шөнө 46-49 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39-45 градус хүрсэн бол 2016 онд Завханы Цэцэн-Уул, Отгон суманд 54-55 градус хүрч хүйтэрч байв.

            Уур амьсгалын дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн,  Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун  өмнөд хэсгээр 0.2-1.3мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар, 2004, 2009 онд нутгийн төв болон зүүн хэсгээр, 2006, 2011 онд нутгийн баруун хагаст, 2015 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.

           Энэ сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол уур амьсгалын дунджаар  Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа тохиолддог бол бусад нутгаар 10 жилд 4-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 2005,2009 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007, 2010 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрсэн байна. 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч, 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч зөвхөн Дорнод аймгийн хэмжээнд л 2000 орчим толгой мал хорогджээ.

  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын  температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 гргадус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Говь-Алтайн өмнөд хэсгээр, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

            Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс  суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Архангай, Булганы өмнөд хэсгээр, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Өвөрхангайн ихэнх нутгаар, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч  ширүүсэх төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу бүх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Энэ сард бүх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

            Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчэр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ нисэх буудалд ажиллалаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ нисэх буудалд ажиллалаа

Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь аялал жуулчлалын салбар байх ёстой. Үүний бааз суурь нь агаарын тээвэр. Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудлыг ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт орох орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаж аялал жуулчлалын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Манай салбар нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад хийх ажлын хүрээнд Допплерийн радарын шинэчлэл, дагалдах хэрэгслийн 5.3 тэрбум төгрөгийн асуудал, мөн шинэ нисэх буудалд Цаг уурын нөөц автомат станц суурилуулах 643.5 сая төгрөг буюу нийт 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдтай ярьж, бусад зээл тусламжид хамруулан мэргэжлийн байгууллагыг ажиллах боломжоор хангахаар ажиллаж байна.

“Нисэхийн мэдээлэл солилцоо” форум зохион байгуулагдлаа

ИНEГ-ийн Мэдээллийн тeхнологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас Иргэний нисэхийн салбарын мэдээллийн технологийн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилго бүхий “Нисэхийн мэдээлэл солилцоо” форумыг санаачлан жил бүр зохион байгуулахаар болсон.

Энэ жилийн форум “Нисэхийн мэдээлэл солилцоо-Тоон шинэчлэл” сэдвийн дор 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус форумд “Цаг уурын орчин үеийн дижитал өгөгдөл болон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд” сэдвээр Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар илтгэл тавьж, Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, сүлжээ, мэдээллийн сангийн инженерүүд, ахлах синоптик инженер Н.Энхдалай нар төлөөлөгчөөр оролцсон.

Хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж байна

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-аас зохион байгуулж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Нислэгийн цаг уурын төвийн хамт олон нэгдэж байна.

“Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэж амлалт өгч уг хөдөлгөөнд нэгдэж байна.

2018 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22..-290С, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор -9..-150С, бусад нутгаар -16..-210С байдаг /1дүгээр зураг/. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр -47..-550С, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар -30..-350С, бусад нутгаар -39..-440С хүрч хүйтэрсэн бол 1987-1990, 1995-1999, 2013, 2015-2017 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор +9..+150С, бусад нутгаар +1..+70С хүрч дулаарсан байна.

Уур амьсгалын дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6мм, бусад нутгаар 0-3 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006, 2014,2017 онд ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага цас оржээ.

Уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993, 2001-2004, 2006-2010 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1987, 1989 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар, 1986, 1991, 1993, 2001-2004, 2006-2010 онд Арц богдын өвөр хоолойгоор 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байв.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба  Увс, Завханы хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна(3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баяхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн ба Хөвсгөлийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч нэлээд чангарч Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард зөвхөн Сэлэнгийн зүүн, төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хорьдын үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи сарын эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд,  Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м\с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу Дундговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.