Сургалтад хамрагдав

Ахлах синоптик инженер Л.Одгариг, Б.Тэмүлүн нар 2019 оны 07.01-7.05-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод “АЗИ ТИВИЙН НИСЛЭГТ АЮУЛТАЙ ЦАГ АГААРЫН ҮЗЭГДЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ” сэдэвт олон улсын сургалтад оролцсон.

Сургалт нь 2014 онд ОУИНБ-ын /ICAO/ Цаг уурын дэд ажлын хэсгийн хурлаар боловсруулсан зөвлөмжийг Агаарын навигацийн бодлого, төлөвлөлт/GANP/-ийн дагуу цаг алдалгүйгээр нислэгт аюултай цаг агаарын үзэгдлүүдийг бүс нутгийн хэмжээнд урьдчилан мэдээлэх, шуурхай дамжуулах зорилгын хүрээнд явагдсан.

Тус сургалт семинарыг БНХАУ-ын нисэхийн цаг уурын төвөөс зохион байгуулж 12 орны 34 цаг уурчид оролцлоо.

“Цаг уурын үйлчилгээ”

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг эхлүүлж буй билэгт сайн өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 05-нд өдөр шинэ нисэх буудалд нислэг үйлдэх анхны агаарын хөлөгт Нислэгийн цаг уурын төвөөс Цаг уурын үйлчилгээүзүүлэхэд бэлэн болоод байна.

Уг үйл ажиллагаанд Нислэгийн цаг уурын төвийн ахмад ажилтан ахлах синоптик инженер Ц.Сарантуяа, залуу үеийн төлөөлөл инженер О.Мягмардулам болон Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Нислэгийн цаг уурын өртөөний дарга Д.Цэцэгээ нар нисэх буудал орчмын урьдчилсан болон бодит ажиглалтын мэдээгээр үйлчилж байна.

   

ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

Их хэмжээний үргэлжилсэн бороо, хүчтэй аадар борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх цаашлаад хур бороо, уруйн үер болох шалтгаан болдог. Хур борооны, уруйн үер ч тэр аль аль нь нийгэм, ард иргэдийн хөрөнгө, барилга байгууламж, засмал болон төмөр зам зэргийг ихээхэн сүйтгэх, түүгээр үл барам хүн, мал адгуусны амь насыг ч хөнөөх аюултайг цаг ямагт анхаарч, байгалийн энэ гамшигт үзэгдлээс байнга сэргийлж байх нь зүйтэй.

БОРООНЫ БӨӨН ҮҮЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ҮЗЭГДЛҮҮД

Борооны бөөн үүл нь босоо чиглэлээр эрчимтэй хөгждөг конвекцийн гэж нэрлэгддэг салангид, нягт үүлэн масс юм.Босоо хөгжлийн үүлэнд бөөн, борооны бөөн (Cb) гэсэн хоёр хэлбэр хамаарна. Бөөн үүл нь газрын дэвсгэр гадаргын жигд биш халалтаас үүдэлтэй агаарын хүчтэй өгсөх хөдөлгөөний (дулааны конвекц) улмаас үүсэж хөгжинө. Усан гадарга дээр үүсэх бөөн үүл нь харьцангуй дулаан усан гадаргуу дээр байрлаж буй агаарын чийглэг давхаргын дээд хэсэг шөнийн цагт цацрагийн хөрөлтөөс болж үүснэ.Борооны бөөн үүлний доод суурь 2 км-ээс бага (голчлон 0.4...1.0 км), зузаан нь 3...4 км, орой нь дээр дурдсанчлан орчих мандалд хүрэх нь бий. Манай орны нөхцөлд энэ үүлний өндрийн хамгийн их утга 13.0...14.2 км хүрдэг нь радарын ажиглалтаар батлагдсан болно. Борооны бөөн үүл нь хэсэг хэсгээр хөгжихөөс гадна үргэлжилсэн далан, гүвээ байдалтай хөгжинө.Борооны бөөн үүлнээс дулаан улиралд аадар бороо, мөндөр орж, аянга цахилгааны үзэгдэл ажиглагдана. Мөн энэ үүлтэй холбоотой нөөлөг салхи, догшин хуй салхи гарах нь цөөнгүй.

Аадар тунадас нь агаарын дотоод массын эсвэл фронтын гаралтай борооны бөөн үүлнээс орно. Энэ төрлийн тунадас нь богино хугацаанд ордог, нэгж хугацаанд их хэмжээний тунадас өгдгөөрөө онцлогтой. Аадрын эрчимшил, ялангуяа фронтын гаралтай борооны бөөн үүлнээс орж буй тунадасны эрчимшил ихэнх тохиолдолд нэлээд хүчтэй байна. Удаан хугацаагаар юмуу богино хугацаанд хүчтэй орсон аадрын улмаас уруйн үер буух нь цөөнгүй. Мөн гол мөрний ус үерлэнэ.

Мөндөр нь тунадасны төрлүүдээс хамгийн аюултайд тооцогддог бөгөөд агаарын дотоод массын, мөн фронтын гаралтай борооны бөөн үүлнээс орно. Хамгийн их хүчтэй мөндөр голчлон хүйтэн фронт дайрч өнгөрөхөд ажиглагдана. Судалгаанаас үзэхэд мөндөртэй өдрийн тоо газрын дэвсгэр гадаргын онцлогоос ихээхэн хамаардаг бөгөөд тал газрыг бодоход уулархаг газарт илүү их байна.Мөндөр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нэн ялангуяа газар тариалан, эрчим хүч, зам тээвэр, түүний дотор агаарын тэврийн үйл ажиллагаанд нэн хор нөлөөтэй үзэгдэл юм.

Аянга цахилгаан гэдэг нь бөөн хэлбэрийн үүл хөгжингүй шатандаа хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж, тэдгээр нь цаашдаа улам эрчимшиж үүлэн дотор, зэргэлдээ үүлсийн хооронд, үүл газрын хооронд цахилгааны ниргэлт үүсгэдэг цогц үзэгдэл юм. Аянга цахилгааны үзэгдлийн зайлшгүй шинж тэмдэг нь цахилгааны ниргэлт бөгөөд тэр нь гэрлийн (аянга) болон дууны (тэнгэрийн дуу) эффектээр илэрнэ.Аянгын хоногийн явц. Судалгааны дүнгээс үзвэл ихэнх тохиолдолд 12-18 цагийн хооронд аянгын 50-70% нь ажиглагдана. Харин 03-09 цагийн хооронд аянга маш цөөн тохиолдоно. Аянгын хамгийн их давтагдал нь бараг бүх уулархаг станцад 12-15 цагийн хооронд, тэгвэл тал хээрийн болон говийн бүсэд орших станцуудад нэлээд орой 15-18 цагийн хооронд ажиглагдаж байна.

Нөөлөг салхи. Энэ нь гэнэтийн, огцом, богино хугацаанд (хэдхэн хормын турш) салхины хүч ихсэж, хурд нь 15 м/с-ээс их болох, мөн чиглэл нь огцом өөрчлөгдөх үзэгдэл юм. Нөөлөг салхины хурд 20...30 м/с хүрэх нь цөөнгүй, 40 м/с-ээс давах тохиолдол ч тэмдэглэгджээ. Энэ үзэгдэл ихэвчлэн фронтын, агаарын дотоод массын борооны бөөн үүлтэй холбоотой ажиглагдана. Аль ч тохиолдолд энэ нь эргэлтийн хэвтээ тэнхлэг бүхий агаарын хуйлрах хөдөлгөөн бөгөөд үүлэн дотор юмуу үүлэн дор үүснэ.

Догшин хуй салхи. Догшин хуй салхи нь борооны бөөн үүлэнд бий болдог, газрын гадаргад эгц босоо, хааяа тахирласан тэнхлэгийг тойрон эргэж байгаа юүлүүр маягийн хуйлраа үүсгэдэг хуй салхи юм.Догшин хуй нь хэдэн арван метрийн голчтой бараан өнгийн үүлэн багана байдалтай ажиглагдана. Догшин хуй салхины хурд 100 м/с, түүнээс ч их, дайрч өнгөрсөн газраа ямагт эвдлэн сүйтгэх, хүн амьтны нас нас хөнөөх аюултай байна.

Шилжлэг салхи. Агаарын урсгалын огцом өөрчлөлтийг шилжлэг салхи гэнэ. Шилжлэг салхийг ажиглагдах байдлаар нь 3 хуваана. Үүнд:

а. Чиглэлийн өөрчлөлт б. Хурдны өөрчлөлт в. Чиглэл хурдны өөрчлөлт

Салхины шилжлэгийн босоо тархалт ХБЗ-аас дунджаар 100 м хүртэлх өндөрт хамгийн эрчимтэй, 100-500 метрт арай бага эрчимтэй тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон байна.Борооны бөөн үүлтэй холбоотой цаг агаарын аюултай, онц аюултай цөөнгүй үзэгдэл ажиглагддаг. Ийм учраас дулаан улиралд ажиглагдах конвекцийн гэж нэрлэгдэх эрч хүч, энерги ихтэй эдгээр үзэгдлүүд нь хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, зам тээвэр, нэн ялангуяа нисэх буудлын барилга, байгууламж, агаарын хөлгийн нислэгт аюултай гэдгийг анхааруулж байна.

 Нислэгийн цаг уурын төв

ХАБЭА ажилтнууд ИНЕГ-ын харьяа алба, салбарт ажиллаж, харилцан туршлага солилцлоо.

Зам, тээвэр, хөгжлийн яамны харьяа байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 60-аад ажилтан өнөөдөр ИНЕГ-ын харьяа алба, салбарт ажиллаж, харилцан туршлага солилцлоо. Зам, тээврийн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болон Зам, тээврийн салбарын ХАБЭА-н салбар хорооны дарга нар “Харилцан туршлага солилцох ажлын удирдамж”-ийг батлаад байсан юм. Энэхүү удирдамжийн хүрээнд туршлага солилцох дээрх арга хэмжээ ИНЕГ-т зохион байгуулагдсан.

ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар болон ИНЕГ-ын удирдлагууд, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд, агаарын тээврийн компаниудын ажилтнууд мөн оролцсон энэхүү арга хэмжээний үеэр  ИНЕГ-ын ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, НХҮА, ХНАА, АТГУА, Чингис хаан ОУНБ-ын Шуурхай удирдлагын төв, ГТҮА, МИАТ ХК-ний ХАБЭА-н үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Сургалт зохион байгуулагдаж байна

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтад Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Архангай, Говьсүмбэр аймгуудын УЦУОШТ-ийн 16 ажилтан оролцож байна.

Нисэхийн баяр угтсан спортын тэмцээн

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй салбарын аварга шалгаруулах спортын зургаан төрөлт тэмцээнд Шатрын төрөлд НЦУТ-ийн Морин-Уул локатор цаг уурын станцын локаторын инженер С.Мөнхбат, Цаг уурын өртөөний инженер У.Отгонсүрэн нар оролцож байна.

Нисэхийн баяр угтсан спортын тэмцээний гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлүүд 5 дугаар сарын 22-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох ба 23-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр иргэний нисэхийнхний баяраа угтсан спортын тэмцээн өндөрлөж, “Шилжин явах цом”-ын эзнээ тодруулах юм.

Цэвэр орчин

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын хамт олноос ажиллаж буй орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын орчин тойрныг цэвэрлэх арга хэмжээнд хамт олноороо идэвхтэй оролцон орчин тойрноо цэвэрлэв.

Дэлхийн банкны судалгааны ажлын хэсэг НЦУТ-д

Дэлхийн банкны судалгааны ажлын хэсэг НЦУТ-д

Уур амьсгалын өөрчлөлт гамшигт тэсвэртэй хот төслийн судалгааны ажлын хүрээнд Дэлхийн банкны гидрометийн зөвлөх Хэгли Марк, Дэлхийн банкны зөвлөх Флорэс Фэлип, Уур амьсгалын өөрчлөлт гамшигт тэсвэртэй хот төслийн орчуулагч Н. Баттогтох нар тус төвд 2019 оны 05 сарын 03-ны өдөр айлчлан  төслийн хэлэлцүүлэг хурал амжилттай зохион байгууллаа.

МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

Монголын Агаарын Навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг /МАНПИНГ/-ийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ИНЕГ-ын хурлын танхимд Нислэгийн цаг уурын төвөөс амжилттай зохион байгууллаа. Хуралд ЦУОШГ-ын Дэд дарга Б.Баттулга, ИНЕГ-ын АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат болон ИНЕГ-ын алба салбарууд, агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

 

Монгол орны бүс нутагт бүртгэгдэж буй түймэр

Монгол орны бүс нутагт MODIS хиймэл дагуулын зурагт бүртгэгдэж буй түймэрийн зураг

  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
  • Зарлан мэдээллийн дуут дохиотой байх
  • ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.