Гавьяаны амралтанд нь үдэж өглөө

Сарантуяа 1960 онд Архангай аймгийн Тариат суманд Цэвээний 3 дугаар охин болж мэндэлсэн. Бага насандаа ясли цэцэрлэгээр хүмүүжиж, 1978 онд Баянхонгор аймгийн 1-р сургууль, 1983 онд МУИС-ийн Цаг уурын ангийг цаг уурч, цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. Нэгдүгээр зэргийн синоптик инженер. 1983-1985 онд Завхан аймгийн Урьдчилан мэдээлэх товчоо (УМТ)-нд синоптик инженер, 1985-1994 онд Баянхонгор аймгийн УМТ-нд ахлах инженер, 1994-1995 онд УЦУОШГ-ын Бохирдолтын лабораторит усны техникч, 1995 оноос тус байгууллагад холбооны операторч, цаг уурын техникч, синоптик инженер, технологич инженер, ахлах синоптик инженерээр 35 гаруй жил ажилласан.

Ц.Сарантуяа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын болон Завхан аймгийн Тосонцэнгэл, Өмнөговь аймгийн Ханбумбат,  Овоот, Тавантолгой  нисэх буудал орчмын цаг агаарын урьдчилсан мэдээний үйлчилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, олон улсын агаарын шугамд ниссэн 9000 гаруй, орон нутгийн агаарын шугамд ниссэн 7500, онцгой ба тусгай үүргийн 20 гаруй нислэгийг олон улсын дунджаас 10-15%-иар дээгүүр таарцтай урьдчилсан мэдээгээр үйлчлэн нислэгийн осол зөрчилгүй ажилласан.

Ц.Сарантуяагийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн 1985 онд Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын “Баярын бичиг”, 1987 онд УЦУОШГ-ын “Хүндэт жуух бичиг”, 1988 онд Байгаль орчныг хамгаалах яамны “Жуух бичиг”, 2004 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”, 2010 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр, 2014 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, 2015 онд ЗТХЯ-ны “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулж байсан.

Нислэгийн цаг уурын төвийн хамт олны зүгээс Ц.Сарантуяагийн олон жилийн хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулж, цаашдын амьдралд нь илүү их сайн сайхан бүхэн дэлгэрч, дэвжихийг билэгдэн сүүн цацал өргөн гавьяаны амралтанд нь гаргаж өглөө.

 

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалт явагдаж байна

02 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсэг ИНД-174-ийн  “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг шалгалтыг явуулж байна. Ажлын хэсгийнхэн өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажлууд, төлөвлөгөөний биелэлт, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчлийг бууруулах талаар авсан арга хэмжээ, мэдээ зохиолт, дамжуулалт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилт, мөрдөгдөж буй заавар журмын хэрэгжилтийг шалгаж байна.

2020 оны 2-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2021 оны 2-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж  (ОЖД)  утга  гэдэг  нь  1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30–70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0° – аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол "Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн” - гийн 11-326606 утсаар холбогдох буюу тус хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" – ээс тодруулах боломжтой.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг болон Архангайн баруун хэсгээр -22–32°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -4–12°С, бусад нутгаар -12–22°С байдаг. 1987, 1990 – 1995, 1997 – 1999, 2002 – 2004, 2006 – 2007, 2009, 2015, 2017, 2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6°С–аар дулаан болж, өдөртөө говийн нутгаар 2–7°С, бусад нутгаар 7–12°С хүйтэн байсан байна. Харин 1981, 1983 – 1986, 1988, 1996, 2000, 2001, 2005, 2008, 2010, 2012 – 2014, 2016, 2018, 2019 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 1–9°С-аар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур зарим жилд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр 46–49°С, Орхон–Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39–45°С хүрч хүйтэрсэн. Цас ОЖД–аар Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр харьцангуй бага буюу 01 мм, бусад нутгаар 16 мм ордог. 1981 – 1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997 – 2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002 – 2007, 2009 – 2011, 2013 – 2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас оржээ. Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 10–15 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн зүүн хойд, Булганы баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 10–15 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнодын өмнөд болон Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 11–16 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас Дорноговийн ихэнх нутаг болон Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3– 5°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 12–17 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн (тодруулбал: Зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг), бусад нутгаар ОЖД– ийн орчим байх төлөвтэй байна. Харин хугацааны хувьд авч үзвэл сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтрэнэ.

Хур тунадасны хувьд Төвийн нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох бөгөөд салхины хурд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд онцгойлон анхаарна уу.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гэрчилгээжих сургалтад хамрагдлаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын стандарт, зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой “Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Аюулгүй байдлын хөтөлбөр” хоёрдугаар шатны сургалтад 01 сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай амжилттай хамрагдлаа. Сургалтын агуулга Эрсдлийг тодорхойлох, Эрсдлийг бууруулах, Эрсдлийн удирдлагыг бий болгох, Эрсдлийг үнэлж аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвүүдийн хүрээнд зохиогдлоо.

 

Цахим сургалт явууллаа.

Нислэгийн цаг уурын төвөөс орон нутгийн синоптик инженер, техникч нарт зориулан “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам” 2 дугаар дэвтэрт орсон өөрчлөлтийн талаар видео хурлын систем ашиглан цахим сургалт явууллаа. Сургалтад 21 аймгийн 83 синоптик инженер, 27 техникчид хамрагдсан.

Уг видео хурлын системийг ашиглан цаг агаар хүндэрсэн нөхцөлд Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн орон нутгийн синоптик инженерүүдтэй цаг агаарын мэдээний хэлэлцүүлэгт тогтмол оролцох, санал солилцох боломж бүрдсэн.

“Уур амьсгалын мэдээллийн системийн өнөөгийн тогтолцоо, түүний хэрэгцээ” сэдэвт хуралд оролцов.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн болон Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төслөөс хамтран 2020 оны 01 сарын 13-ний өдөр зохион байгуулсан "Уур амьсгалын мэдээллийн системийн өнөөгийн тогтолцоо, түүний хэрэгцээ" сэдэвт хуралд тус төвийн Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцлоо.

 

Монгол улс, Бүгд Найрамдах Турк Улсын Цаг уурын албадын анхдугаар уулзалт боллоо

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны дарга ноён Волкан Мутлу Коскины урилгаар Монгол улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга ноён С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2020 оны 1 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк улсад айлчилж, Монгол улс болон Бүгд Найрамдах Турк улсын Цаг уурын салбарын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах асуудлаарх анхдугаар уулзалтанд оролцлоо.

Уулзалтын өмнө Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны дарга Волкан Мутлу Коскин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, элэгсэг дотноор ярилцав. Тэрээр ЦУОШГ-ын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Турк Улсад тавтай зочилж, хамтарсан ажлын хэсгийн анхдугаар уулзалтад амжилттай оролцохыг хүсээд, шинжлэх ухаан, технологийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ЦУОШГ-тай нягт хамтран  ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

ЦУОШГ-ын төлөөлөгчид Анкара хот дахь Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны үндсэн салбарууд болох Цаг Агаарын Урьдчилан Мэдээлэх Хэлтэс, Цаг Уурын Дуу Хоолой Радио, Радиозондын Ажиглалтын Төв, Судалгааны Хэлтэс, Мэдээллийн Технологи ба Мэдээлэл Боловсруулалтын Төв, Цаг Уурын Цахим Телевиз, Стратеги Хөгжлийн Төв, Ажиглалтын Системийн Хэлтэс болон Элмадаг дахь Цаг Уурын Радарын Төвөөр зочиллоо.

Хамтарсан ажлын хэсгийн анхдугаар уулзалтын үр дүнд хоёр тал цаашид Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах арга, тоон загварчлалыг сайжруулах, Хөдөө аж ахуйн цаг уур, Зайнаас тандан судлал, Уур амьсгал судлал, Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө, Сургалт гэсэн 7 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон протоколд гарын үсэг зурлаа.

“МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ VI ЧУУЛГАН”

2019 оны 12 дугаар сарын 12-н өдөр “МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ VI ЧУУЛГАН” Новотел зочид буудалд болж өнгөрлөө. Энэхүү чуулганд шинжлэх ухааны төрөл бүрийн салбараас 300 гаруй төлөөлөгч оролцож, “Шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, туршлага нь бүх нийтэд хүртээмжтэй, түүний ашиг тусыг оролцогч тал бүр хүртэж байх ёстой. Дэвшилтэт шинжлэх ухааныг (advancing science) хөгжүүлэх замаар нийгэмд шинжлэх ухаанч боловсрол (scientific education), чадавхыг хөгжүүлэн (capacity development) улмаар тогтвортой (sustainability), хүртээмжтэй (inclusive) хөгжлийг бий болгох” зорилгоор дараах үндсэн 4 чиглэлээр салбар хуралдаан боллоо.

Салбар хуралдааны чиглэл:
  1. Монгол улсын Шинжлэх ухааны тогтолцооны хувьсал (Evolution of the Science system)
  2. Дижитал хувьсгал (digital revelation) ба и-шинжлэх ухаан (e-science)
  3. Бүтээлч харилцаа (creative communication) ба Төр - Шинжлэх ухаан - Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа (GSPP)
  4. Тогтвортой хөгжил (SDG) ба Шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэр
Зургийн тайлбар: Зүүн гар талаас ЦУОШГ М.Батжаргал, ШУА-н Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын секторын эрхлэгч доктор А.Дашцэрэн, НЦУТ ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-т шалгарлаа

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-т шалгарлаа

Нислэгийн цаг уурын өртөөний инженер Х.Агиймаа МУИС-н ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2020” тэтгэлэгт шалгарлаа. МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой. МУИС-ийн захирлын А/509 тоот тушаалаар томилогдсон МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуралдаж, тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын материалтай танилцан, тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу 10 суралцагчийг шалгаруулснаас Нислэгийн цаг уурын өртөөний инженер Х.Агиймаа шалгарчээ. Ажил, сурлагын өндөр амжилт хүсье.