Нийт албан хаагчдын анхааралд

Нийт албан хаагчдын анхааралд

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх, өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулсаар байна. Иймд төвийн галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна. Үүнд:
  • Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ил задгай гал гаргахгүй байх
  • Цахилгааны аюулгүй байдалд үзлэг шалгалтыг 7 хоногт 1 удаа зохион байгуулах, эрсдэл бүхий нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах
  • Цахилгаан хэрэгслийг хэрэглээгүй үед байнга салгаж хэвших
  • Тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татах, тамхи, чүдэнзний галыг бүрэн унтрааж байх
  • Ээлжийн ажилтан болон жижүүрүүдийн сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх, ажилтан бүр ажлын байрандаа галын үзлэг шалгалтыг тогтмол хийж байх
  • Хиншүү, утаа үнэртсэн тохиолдолд цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдэгдэх, шуурхай арга хэмжээ авах. “НЦУТ-д онцгой тохиолдлын үед ажиллах журам”-ын дагуу ажиллах.
  • Өөрийгөө болон бусдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх
  • Шатамхай шингэн агуулж буй агуулах савны аюулгүй байдлыг хангах
  • Гал унтраагуур болон галын анхан шатны багаж хэрэгсэлд үзлэг хийж, бэлэн байдлыг хангах
  • Галын хорыг ажиллуулах дараалалтай танилцсан байх

Гал унтраагуурын бүтэц:

Ажиллуулах дараалал:
  • Гал унтраагуурыг ажиллуулахдаа зүүн гараараа бариулаас барьж, баруун гараараа цацруулагч хоолойг галын голомт руу аль болохоор ойртуулан чиглүүлж түгжээг мултлан бариулыг чанга атгана. Ингэхдээ баллоныг хэвтээ байдалд хүртэл хазайлгаж болохгүй.
  • Манометртэй галын хорны хийн даралтын заалт ногоон хэсэгт байх ёстой
  • Шүрших зай хоёр метр хүртэл. Хоёр килограммын галын хор 10 секундын дотор дуусдаг тул аль болох түргэн, оновчтой шүрших нь чухал
  • Галыг салхины уруу унтрааж байхыг мартуузай.

Галыг гарахад нөлөөлдөг хүчин зүйлс:

Галын хорны ангилал, тэмдэглэгээ, төрөл, хэрэглээ

Монгол орны бүс нутагт бүртгэгдэж буй түймэр

Монгол орны бүс нутагтийн MODIS хиймэл дагуулын зурагт бүртгэгдэж буй түймэрийн зураг (2019.04.11-2019.04.16)

  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
  • Зарлан мэдээллийн дуут дохиотой байх
  • ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

2019 оны 4-6-р сар хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 4-6-р сар хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв

Монгол орны 2019 оны IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг.

2019 оны 4 дүгээр сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Булганы баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Увс, Баянхонгорын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд, Архангайн өмнөд, Өвөрхангайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Дорноговь, Сүхбаатар ихэнх, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Тавдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 5-10 градус, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 15-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг

2019 оны 5 дугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорнговийн нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар, Увс, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Дорноговийн зүүн өмнөд, Архангайн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд Говь-Алтайн ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Зургадугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг,  Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог.

 Энэ сард Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Хэнтийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хуурайшлын зэргийн мэдээлэл

Хуурайшлын зэргийн мэдээлэл

Өнөөдрийн байдлаар манай орны ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна. Энэ нь дээрх нутгаар өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн 2 дугаар сарын сүүлийн хагас, 3-р сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой юм. Иймээс 2019 оны 3 дугаар сарын 5-ны байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн хойд, Булган аймгийн нутгийн өмнөд, Архангай аймгийн зүүн хэсэг хуурайшлын дунд зэргийн харин Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр хуурайшлын бага зэргийн ангилалд багтаж байна. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдийн цаг агаарын төлвөөр эдгээр хуурайшлын зэрэглэл өндөртэй байгаа бүс нутгаар хур тунадас орох магадлал бага байна. Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

2019 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Дөрөвдүгээр сарын агаарын температурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы хойд болон зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байдаг. Гэхдээ жил бүр адил байдаггүй. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1997-1999, 2004 онд дээрх дунджаас 3-5 градусаар, 2000, 2001, 2005, 2007, 2008, 2009, 2014, 2015, 2017 онд 1-6 градусаар дулаан байж, өдөртөө баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 16-21, говь ба зүүн зүгийн нутгаар 28-33, бусад нутгаар 21-26 градус хүрч дулаарч байсан бол 1991, 1993, 1995, 2010 онуудад ихэнх нутгаар, 2006, 2013 онд нутгийн зүүн хагаст уг дунджаас 1-5 градусаар хүйтэн байв. 1993, 2010 онд сарын эхээр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус хүрч хүйтэрч байв.

1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Увсын зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 5-10мм, Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн  зүүн хойд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 11-14мм, бусад нутгаар 1-5 мм хур тунадас ордог. Гэхдээ зарим жил уур амьсгалын дунджаас хэд дахин их буюу бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1993, 1996, 1997, 2004 онуудад ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайшилт ихтэй байсан бол 1998,2002,2003, 2013-2015 онд зарим нутгаар уур амьсгалын дунджаас 2 дахин их хур тунадас оржээ.

Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 1998, 2001, 2002, 2011 онд баруун ба говийн нутгаар 34-45 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч иргэд,  байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байв.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун зүгийн нутаг.. Энэ сарын агаарын дундаж температур нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 7-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус дулаан байна.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь ихэнх нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хэнтийн зүүн хойд, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 8-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болог дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Нислэгийн цаг уурын төвийн ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг нэг жилээр сунгууллаа.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг үзлэг шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 7 хоног ийн хугацаатай явуулж, ажлын хэсгийн тайланг үндэслэн ИНД-174-01 тоот гэрчилгээний хугацааг 1 жилээр сунгалаа.

Төсөл хэрэгжүүлэх судалгааны баг ажиллаж байна.

Нислэгийн цаг уурын үйлчилгээг шинэчлэн сайжруулах Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын цаг уурын байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ДЦУБ, БНСУ-ын Цаг уурын  байгууллагын судалгааны баг 2019 оны 02 сарын 18-22-ны өдрүүдэд тус төвийн үйл ажиллагаа, цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоо, тоног төхөөрөмж зэргийг судлахаар ажиллаж байна.

Уулзалтад Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын Цаг уурын газар, Солонгосын нислэгийн цаг уурын агентлагийн төлөөлөгч, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны цаг уурын байцаагч, Нислэгийн цаг уурын төвийн удирдлагууд оролцлоо.

Сургалт явагдаж байна.

Сургалт явагдаж байна.

Нислэгийн цаг уурын төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг Иргэний агаарын тээврийн нислэгт цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан инженер, техникчдэд зориулсан давтан сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Сургалтаар үйл ажиллагаанд мөрдөгддөг заавар, журамд орсон нэмэлт өөрчлөлтүүд, онолын болон технологийн бататгах хичээл, дадлага явуулж ЦУОШГ-ын даргын тушаалаар нислэгт цаг агаарын бодит ажиглалтын мэдээгээр үйлчлэх “Мэргэшлийн үнэмлэх” олгоно.

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалт явагдаж байна

ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалт явагдаж байна

02 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсэг ИНД-174-ийн  “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг шалгалтыг явуулж байна.

Ажлын хэсгийнхэн өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажлууд, төлөвлөгөөний биелэлт, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчлийг бууруулах талаар авсан арга хэмжээ, мэдээ зохиолт, дамжуулалт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилт, мөрдөгдөж буй заавар журмын хэрэгжилтийг шалгаж байна.

2019 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.

Уур амьсгалын тойм

Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оны\уур амьсгалын\ дунджаар Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг.

            2 дугаар сард 1990 оноос ихэнх нутгаар харьцангуй дулаарч, ялангуяа 1998, 1999, 2002,2004, 2007, 2015 онуудад сарын дундаж температур уур амьсгалын дунджаас 3-9 градусаар дулаан байж, зарим жилд өдөртөө говийн нутгaaр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарсан байна. Харин сарын дундаж температур 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010, 2012-2014 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-10 градусаар хүйтэн болж, 2010, 2012, 2013 онд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр зарим шөнө 46-49 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39-45 градус хүрсэн бол 2016 онд Завханы Цэцэн-Уул, Отгон суманд 54-55 градус хүрч хүйтэрч байв.

            Уур амьсгалын дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн,  Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун  өмнөд хэсгээр 0.2-1.3мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар, 2004, 2009 онд нутгийн төв болон зүүн хэсгээр, 2006, 2011 онд нутгийн баруун хагаст, 2015 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.

           Энэ сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол уур амьсгалын дунджаар  Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа тохиолддог бол бусад нутгаар 10 жилд 4-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 2005,2009 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007, 2010 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрсэн байна. 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч, 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч зөвхөн Дорнод аймгийн хэмжээнд л 2000 орчим толгой мал хорогджээ.

  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын  температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 гргадус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Говь-Алтайн өмнөд хэсгээр, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

            Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс  суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Архангай, Булганы өмнөд хэсгээр, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Өвөрхангайн ихэнх нутгаар, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч  ширүүсэх төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

            Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу бүх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Энэ сард бүх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

            Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчэр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.