2021 оны 2-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж  (ОЖД)  утга  гэдэг  нь  1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30–70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0° – аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол "Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн” - гийн 11-326606 утсаар холбогдох буюу тус хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" – ээс тодруулах боломжтой.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг болон Архангайн баруун хэсгээр -22–32°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -4–12°С, бусад нутгаар -12–22°С байдаг. 1987, 1990 – 1995, 1997 – 1999, 2002 – 2004, 2006 – 2007, 2009, 2015, 2017, 2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6°С–аар дулаан болж, өдөртөө говийн нутгаар 2–7°С, бусад нутгаар 7–12°С хүйтэн байсан байна. Харин 1981, 1983 – 1986, 1988, 1996, 2000, 2001, 2005, 2008, 2010, 2012 – 2014, 2016, 2018, 2019 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 1–9°С-аар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур зарим жилд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр 46–49°С, Орхон–Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39–45°С хүрч хүйтэрсэн. Цас ОЖД–аар Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр харьцангуй бага буюу 01 мм, бусад нутгаар 16 мм ордог. 1981 – 1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997 – 2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002 – 2007, 2009 – 2011, 2013 – 2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас оржээ. Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 10–15 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн зүүн хойд, Булганы баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 10–15 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнодын өмнөд болон Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 11–16 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас Дорноговийн ихэнх нутаг болон Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3– 5°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 12–17 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн (тодруулбал: Зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг), бусад нутгаар ОЖД– ийн орчим байх төлөвтэй байна. Харин хугацааны хувьд авч үзвэл сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтрэнэ.

Хур тунадасны хувьд Төвийн нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох бөгөөд салхины хурд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд онцгойлон анхаарна уу.

Posted in Uncategorized.