IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сард. Олон жилийн дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, ГовьАлтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг. Энэ сард нийт нутгаар дунджаас 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй. Олон жилийн дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог.  Энэ сард ихэнх нутгаар дунджийн орчим, Баянхонгорын зүүн өмнөд, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Говийн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй.

Тавдугаар сард. Олон жилийн дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 5-10 градус, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 15-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг. Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Баянхонгорын баруун өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй. Олон жилийн дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хүртэл хур тунадас ордог.  Энэ сард Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Сүхбаатар аймгуудын ихэнх нутаг, Архангай, Төв, Хэнтийн хойд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Зургадугаар сард. Олон жилийн дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг. Энэ сард нийт нутгаар дунджаас 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй. Олон жилийн дунджаар Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог. Энэ сард нийт нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Posted in Uncategorized.