2020 оны Дэлхийн Цаг уурын өдөр

“Уур амьсгал ба ус”

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын  илгээлт

Цэвэр ус бол хүний амьдралын баталгаа. Хүн усгүйгээр гурван хоногоос илүү амьдарч чадахгүй. Хүнс үйлдвэрлэл, бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ус зайлшгүй шаардлагатай байдаг төдийгүй байгаль орчны чухал бүрдэл болдог.

Өнөө үед дэлхий дахинд үер, ган гачиг, цэвэр усны хүртээмж хангалтгүй байх зэрэг усны дарамтын асуудлууд улам бүр нэмэгдэж байна. Усны нөөцийн менежмент, хяналт-шинжилгээ, урьдчилан мэдээлэх ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд мөн түүнчлэн ус хэт ихсэх, багасах, түүнчлэн усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Тиймээс 2020 оны Дэлхийн цаг уурын өдөр болон Дэлхийн усны өдрийг “Уур амьсгал ба ус” гэсэн нэгэн ерөнхий сэдвийн доор тэмдэглэж байна. Энэ сэдвийн хүрээнд уур амьсгал ба усны нөөцийн харилцан уялдуулсан, тогтвортой менежментийг голлон анхаарах юм. Эдгээр нь хоёулаа тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдлийг бууруулах талаарх дэлхийн зорилтуудын гол цөм нь юм.

“НҮБ ба Усны нөөц”-ийн механизм болоод Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад гол гол түншүүдтэйгээ хамтран Дэлхийн цаг уурын байгууллага цэвэр ус, усны эрүүл ахуйн асуудалд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтыг хангахад илүү эрчимтэй, далайцтай ажиллах болно.

Ус бол XXI зууны хамгийн үнэ цэнэтэй бараа-түүхий эдийн нөөц юм. “Дусал бүрийг тооцож дусал бүрийг хэмнэ”-х үйлст Үндэсний Цаг уур/Усны албад гол үүргийг гүйцэтгэх ёстой.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын мэндчилгээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг уурын өдөр,  Монгол улсад  Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монгол улсын Ус цаг уурын байгууллагын мэргэжлийн хамт олон ДЦУБ-ын гишүүн орнуудын цаг уурч нөхдийн хамтаар мэргэжлийн баярын өдрөө тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Дэлхийн усны болон цаг уурын өдрийг “Уур амьсгал ба ус” гэсэн нэгэн сэдвийн дор тэмдэглэж байна. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2017 онд жил бүрийн 3 дугаар сарын 23-ний өдрийг “Монголын усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэж байхаар баталсан.

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Огторгуйн одон орон гариг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулсан нь Монгол улсын Ус цаг уурын албаны эхлэл болсон түүхтэй. Монгол улсын Ус цаг уурын байгууллага өнгөрсөн түүхийн хугацаанд саад, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, ДЦУБ-ын гишүүн орнуудын тусламж дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ус цаг уур, орчны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээтэй,  ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдсэн,  орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтод суурилсан, Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн хөгжлийн дундаж түвшин рүү тун ойртож байгаа  биеэ даасан үндэсний алба болтлоо хөгжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Тус газраас улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч ирсний үр дүнд улсын сүлжээний цаг уурын станцуудын 95 хувь, цаг уурын харуулуудын 20 гаруй хувь нь автомат хэмжлийн багажаар хангагдаж,   Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай тооцоолох төхөөрөмж,  Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж  байгаагийн үр дүнд Ус цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, эрхэм зорилгоо мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Ус цаг уурын салбарын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянцагаан, Завхан аймгийн Тосонцэнгэл, Увс аймгийн Наранбулаг, Өмнөговь, Ховд аймгийн Мөст болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумдын нийт 6 цаг уурын өртөөний барилга, Цаг уур, орчны шинжилгээний газрын хашаанд Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн 9 давхар байр байр тус тус шинээр баригдаж ашиглалтад орох сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна. Мөн 2020 онд урсгал төсвийн зардлаар 13 ширхэг цаг уурын автомат станц худалдан авч, хурлын зааланд 4,5*2,5 метрийн хэмжээтэй том дэлгэцийг суурилуулж, энэ оны 3 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар  төлөвлөж худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмадууд, өнөөг хүртэл гал голомтыг нь бадрааж яваа ус цаг уурчид, инженер, техникийн ажилтнууд Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ                                                                    С. ЭНХТҮВШИН

Posted in Uncategorized.