Гавьяаны амралтанд нь үдэж өглөө

Батаагийн Оюуннавч 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968-1978 онд Улаанбаатар хотын 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1981-1985 онд Дархан хотын Усны аж ахуйн техникумыг цаг уурын техникч мэргэжлээр, 1999-2000 онд  МУИС-ийн цаг уурын эчнээ ангийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. 1985 оноос хойш Нислэгийн цаг уурын төвийн Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцад техникч, ахлах техникч, инженерээр тасралтгүй 35 жил ажилласан.

н.Оюуннавч 35 гаруй жилийн хугацаанд иргэний агаарын тээврийн нислэгт 142270 бодит мэдээ, 38000 гаруй тусгай мэдээгээр үйлчилж, хэрэглэгч байгууллагуудын шаардлагад нийцүүлэн, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Мөн уур амьсгалын 20588 горимын ажиглалт, 200 орчим байгаль, цаг уурын аюултай үзэгдлийн ажиглалтыг хийсэн.

н.Оюуннавч ажлын үзүүлэлтээрээ хамт олноосоо шалгаран 2000 онд УЦУОШГ-ын “Баярын бичиг”, 2004 онд УЦУОШГ-ын “Хүндэт жуух бичиг”, 2009 онд БОЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 2014 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан”, 2007, 2015 онд ИНЕГ-ын “Баярын бичиг”, 2017 онд Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан.

Нислэгийн цаг уурын төвийн хамт олны зүгээс Б.Оюуннавчийн он удаан жил, идэвх зүтгэл гарган ажилласан хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулж, цаашдын амьдралд нь илүү их сайн сайхан бүхэн дэлгэрч, дэвжихийг билэгдэн сүүн цацал өргөн гавьяаны амралтанд нь гаргаж өглөө.

Posted in Uncategorized.