ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

Уур амьсгалын өөрчлөлтөөс (цаг уурын 48 өртөөний 1940-2015 оны мэдээгээр газар орчмын агаарын температур 2.24оС-ээр дулаарсан) үүдэн Монгол орны ихэнх нутгийг хамарч удаан хугацаагаар их хүйтэн өвөл болох нь цөөрч байгаа боловч ХХI зуун гарсаар жилийн хамгийн хүйтэн 1 дүгээр сард их хүйтрэлт цөөнгүй давтагдаж байлаа. Ингэж их хүйтрэх нь бэлчээрийн мал аж ахуйн маллагаа, арчилгаа, төвлөрсөн хот, суурин газруудын дулаан, цахилгаан эрчим хүч, агаарын тээвэр, авто болон төмөр зам, барилгын байгууллагуудын үйл ажиллагаанд нэлээд хүндрэл, бэрхшээл учруудаг билээ.

Монгол орны хүйтэн улирал 11 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд гэж үздэг боловч үндсэндээ 12 дугаар сараас 2 дугаар сард үргэлжлэх ба энэ хугацаанд агаар, хөрсний температур эрс багасаж их хүйтрэх, цас орох, цасан бүрхүүл тогтох, цасан шуурга шуурах, их цас унах, том хот суурин газарт өтгөн утаа тогтох, манан татах зэрэг үзэгдэл ажиглагддаг онцлогтой. Өвлийн улиралд ажиглагддаг цаг агаарын үзэгдлүүдийн нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй цаг агаарын нөхцөлүүдээс урьдчилсан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Мөстөлт түүний агаарын хөлөгт үзүүлэх нөлөө.

Хэт хөрсөн усан дусал агаарын хөлгийн гадаргуутай мөргөлдөх үед температур 00 градусаас бага байхад агаарын хөлгийн мөстөлт үүснэ. Нисэх онгоцонд мөстөлт үүсэх нь агаарын хөлгийн аэродинамик шинж чанарыг өөрчилж, хөдөлгүүрийн үйл ажиллагаа алдагдах, агаарын хөлгийн гүйцэтгэлд ноцтой нөлөөлж болзошгүй юм.  Мөстөлт нь агаарын хөлөгт аэродинамик нөлөө буюу өндөр алдах, их биеийн жин өсөх, хөдөлгүүр зогсох, онгоцны дугуй буухгүй болох, холбооны хэрэгсэлд нөлөөлөх, харах талбайг багасгах, онгоцны доргилт илүү их болгох, түлшний зарцуулалт ихэсгэх зэргээр нөлөөлдөг байна.

Цас түүний агаарын хөлөгт үзүүлэх нөлөө.

Бага зэргийн цас орж байсан ч алсын барааны харагдацыг бууруулах нөлөө үзүүлж байдаг. Тэг градусаас бага температуртай үед цасан ширхэгүүд нь хайлахгүй томордог боловч агаарын хөлөгт сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэсэн хэдий ч агаарын хөлгийн хөдөлгүүрийн бүхээг, хэвлий, нээлттэй дугуйн хүрдэнд бөөгнөрөх, наалдаж саад учруулж болзошгүй. Энэхүү бөөгнөрөл нь хөдөлгүүрт агаарын урсгалыг хязгаарлах, буух тоног төхөөрөмжид саад учруулж болно. Цас нь газар дээр хөдөлгөөнгүй эсвэл явгалж буй агаарын хөлгийн гадаргууд хуримтлагдаж, аэродинамикийг алдагдуулж, агаарын хөлгийн жинг нэмэгдүүлнэ.  Мөн салхины шил нь цасаар хучигдаж, салхины шил арчигч (хэрэв суурилуулсан бол) нь ажиллахгүй болж болох бөгөөд, хөдөлгүүрийн хоолой бөглөрч магадгүй юм. Ингэснээр агаарын хөлгийн хурд, өндөршилийг заахад алдаа гарна. Нойтон (хайлж буй) цас нь агаарын урсгалаар хялбархан хэлбэржиж агаарын хөлгийн гадаргууг бүрхдэг. Дээр дурьдсанчлан цас нь агаарын хөлгийн хөдөлгүүрийн бүрхүүл, дугуйн хүрд, хөдөлгүүрийн агааржуулагчид бөөгнөрч ихээхэн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Хөөрч буух зурвас дээр цас тогтвол тоормослох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иймд агаарын хөлгийг хөөрөхөөс өмнө мөстөлтийг арилгах шингэн хэрэглэх зэрэг мөстөлтөөс сэргийлэх арга хэмжээ авах ёстой байдаг.

Манан түүний агаарын хөлөгт үзүүлэх нөлөө.

Манан нь хэвтээ чиглэлийн алсын барааг 1000м-ээс бага болтол бууруулдаг маш жижиг усан дусал, мөсөн талстын агаар дахь хуримтлал бөгөөд үзэгдэх орчинг эрс багасгадаг тул агаарын хөлгийг газардахад хүндрэл учруулдаг. Мөсөн манан нь үзэгдэх орчинг мөн адил хязгаарлах бөгөөд хөөрч буух зурвасын гадаргыг нимгэн мөсөөр хучдаг.

Утааны үзэгдэл, түүний агаарын хөлөгт үзүүлэх нөлөө.

Ахуйн гаралтай утаа нь жилийн хүйтэн, шилжилтийн улиралд, өөрөөр хэлбэл 10, 11, 12, 1, 2, 3, 4 дүгээр сард Улаанбаатар хотод мэдэгдэхүйц нэмэгддэг. Утаа тогтвортой тогтож эхэлснээс хойш өглөөний 5-6 цагийн үеэс эхлэн ажиглагдаж, аажим өтгөрч 9-12 цагийн хооронд алсын барааны харагдац хамгийн бага хэмжээнд хүрч, үдээс хойш 16 цагийн орчмоос бага зэрэг шингэрэх боловч дахин өтгөрч, шөнөжин утаатай хонодог байна. Алсын барааны харагдац 10 км-ээс доош орсон утаатай бүх тохиолдлын 45.2% нь 4-6 км, 37.9% нь 2-3 км, 11,5% нь 1 км, түүнээс бага, 5.4% нь 7-10 км болдог. Хотын утааны өтгөрөлтийн байдал, түүнээс хамаарч алсын барааны харагдац /АБХ/ муудах нь сар бүр харилцан адилгүй байна.

Posted in Uncategorized.