ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ

Их хэмжээний үргэлжилсэн бороо, хүчтэй аадар борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх цаашлаад хур бороо, уруйн үер болох шалтгаан болдог. Хур борооны, уруйн үер ч тэр аль аль нь нийгэм, ард иргэдийн хөрөнгө, барилга байгууламж, засмал болон төмөр зам зэргийг ихээхэн сүйтгэх, түүгээр үл барам хүн, мал адгуусны амь насыг ч хөнөөх аюултайг цаг ямагт анхаарч, байгалийн энэ гамшигт үзэгдлээс байнга сэргийлж байх нь зүйтэй.

БОРООНЫ БӨӨН ҮҮЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ҮЗЭГДЛҮҮД

Борооны бөөн үүл нь босоо чиглэлээр эрчимтэй хөгждөг конвекцийн гэж нэрлэгддэг салангид, нягт үүлэн масс юм.Босоо хөгжлийн үүлэнд бөөн, борооны бөөн (Cb) гэсэн хоёр хэлбэр хамаарна. Бөөн үүл нь газрын дэвсгэр гадаргын жигд биш халалтаас үүдэлтэй агаарын хүчтэй өгсөх хөдөлгөөний (дулааны конвекц) улмаас үүсэж хөгжинө. Усан гадарга дээр үүсэх бөөн үүл нь харьцангуй дулаан усан гадаргуу дээр байрлаж буй агаарын чийглэг давхаргын дээд хэсэг шөнийн цагт цацрагийн хөрөлтөөс болж үүснэ.Борооны бөөн үүлний доод суурь 2 км-ээс бага (голчлон 0.4...1.0 км), зузаан нь 3...4 км, орой нь дээр дурдсанчлан орчих мандалд хүрэх нь бий. Манай орны нөхцөлд энэ үүлний өндрийн хамгийн их утга 13.0...14.2 км хүрдэг нь радарын ажиглалтаар батлагдсан болно. Борооны бөөн үүл нь хэсэг хэсгээр хөгжихөөс гадна үргэлжилсэн далан, гүвээ байдалтай хөгжинө.Борооны бөөн үүлнээс дулаан улиралд аадар бороо, мөндөр орж, аянга цахилгааны үзэгдэл ажиглагдана. Мөн энэ үүлтэй холбоотой нөөлөг салхи, догшин хуй салхи гарах нь цөөнгүй.

Аадар тунадас нь агаарын дотоод массын эсвэл фронтын гаралтай борооны бөөн үүлнээс орно. Энэ төрлийн тунадас нь богино хугацаанд ордог, нэгж хугацаанд их хэмжээний тунадас өгдгөөрөө онцлогтой. Аадрын эрчимшил, ялангуяа фронтын гаралтай борооны бөөн үүлнээс орж буй тунадасны эрчимшил ихэнх тохиолдолд нэлээд хүчтэй байна. Удаан хугацаагаар юмуу богино хугацаанд хүчтэй орсон аадрын улмаас уруйн үер буух нь цөөнгүй. Мөн гол мөрний ус үерлэнэ.

Мөндөр нь тунадасны төрлүүдээс хамгийн аюултайд тооцогддог бөгөөд агаарын дотоод массын, мөн фронтын гаралтай борооны бөөн үүлнээс орно. Хамгийн их хүчтэй мөндөр голчлон хүйтэн фронт дайрч өнгөрөхөд ажиглагдана. Судалгаанаас үзэхэд мөндөртэй өдрийн тоо газрын дэвсгэр гадаргын онцлогоос ихээхэн хамаардаг бөгөөд тал газрыг бодоход уулархаг газарт илүү их байна.Мөндөр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нэн ялангуяа газар тариалан, эрчим хүч, зам тээвэр, түүний дотор агаарын тэврийн үйл ажиллагаанд нэн хор нөлөөтэй үзэгдэл юм.

Аянга цахилгаан гэдэг нь бөөн хэлбэрийн үүл хөгжингүй шатандаа хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж, тэдгээр нь цаашдаа улам эрчимшиж үүлэн дотор, зэргэлдээ үүлсийн хооронд, үүл газрын хооронд цахилгааны ниргэлт үүсгэдэг цогц үзэгдэл юм. Аянга цахилгааны үзэгдлийн зайлшгүй шинж тэмдэг нь цахилгааны ниргэлт бөгөөд тэр нь гэрлийн (аянга) болон дууны (тэнгэрийн дуу) эффектээр илэрнэ.Аянгын хоногийн явц. Судалгааны дүнгээс үзвэл ихэнх тохиолдолд 12-18 цагийн хооронд аянгын 50-70% нь ажиглагдана. Харин 03-09 цагийн хооронд аянга маш цөөн тохиолдоно. Аянгын хамгийн их давтагдал нь бараг бүх уулархаг станцад 12-15 цагийн хооронд, тэгвэл тал хээрийн болон говийн бүсэд орших станцуудад нэлээд орой 15-18 цагийн хооронд ажиглагдаж байна.

Нөөлөг салхи. Энэ нь гэнэтийн, огцом, богино хугацаанд (хэдхэн хормын турш) салхины хүч ихсэж, хурд нь 15 м/с-ээс их болох, мөн чиглэл нь огцом өөрчлөгдөх үзэгдэл юм. Нөөлөг салхины хурд 20...30 м/с хүрэх нь цөөнгүй, 40 м/с-ээс давах тохиолдол ч тэмдэглэгджээ. Энэ үзэгдэл ихэвчлэн фронтын, агаарын дотоод массын борооны бөөн үүлтэй холбоотой ажиглагдана. Аль ч тохиолдолд энэ нь эргэлтийн хэвтээ тэнхлэг бүхий агаарын хуйлрах хөдөлгөөн бөгөөд үүлэн дотор юмуу үүлэн дор үүснэ.

Догшин хуй салхи. Догшин хуй салхи нь борооны бөөн үүлэнд бий болдог, газрын гадаргад эгц босоо, хааяа тахирласан тэнхлэгийг тойрон эргэж байгаа юүлүүр маягийн хуйлраа үүсгэдэг хуй салхи юм.Догшин хуй нь хэдэн арван метрийн голчтой бараан өнгийн үүлэн багана байдалтай ажиглагдана. Догшин хуй салхины хурд 100 м/с, түүнээс ч их, дайрч өнгөрсөн газраа ямагт эвдлэн сүйтгэх, хүн амьтны нас нас хөнөөх аюултай байна.

Шилжлэг салхи. Агаарын урсгалын огцом өөрчлөлтийг шилжлэг салхи гэнэ. Шилжлэг салхийг ажиглагдах байдлаар нь 3 хуваана. Үүнд:

а. Чиглэлийн өөрчлөлт б. Хурдны өөрчлөлт в. Чиглэл хурдны өөрчлөлт

Салхины шилжлэгийн босоо тархалт ХБЗ-аас дунджаар 100 м хүртэлх өндөрт хамгийн эрчимтэй, 100-500 метрт арай бага эрчимтэй тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон байна.Борооны бөөн үүлтэй холбоотой цаг агаарын аюултай, онц аюултай цөөнгүй үзэгдэл ажиглагддаг. Ийм учраас дулаан улиралд ажиглагдах конвекцийн гэж нэрлэгдэх эрч хүч, энерги ихтэй эдгээр үзэгдлүүд нь хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, зам тээвэр, нэн ялангуяа нисэх буудлын барилга, байгууламж, агаарын хөлгийн нислэгт аюултай гэдгийг анхааруулж байна.

 Нислэгийн цаг уурын төв

Posted in Uncategorized.