2019 оны 7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0оС-ээс бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ. Онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаарх мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Уpьдчилсан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэст хаяглан ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Уур амьсгалын дундаж болох 1981-2010 оны дунджаар долдугаар сарын агаарын дундаж температур нь Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 20-26 градус, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы зүүн хэсгээр 2-16 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан байдаг(1 дүгээр зураг). Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр болон сар бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: 1960 оноос 1994 оныг хүртэлх ихэнх хугацаанд уур амьсгалын дунджаас 1-3 градусаар хүйтэн байж, 1973-1976, 1984-1985, 1993 онд баруун, төв, говийн аймгуудын  нутгаар шөнийн үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүрч хүйтэрч байв. Гэтэл 1999-2002, 2004-2005, 2007, 2010, 2015-2017 онд уур амьсгалын дунджаас 2-5 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн нутгаар 38-43 градус, бусад нутгаар 33-38 градус хүрч халсан байна. Энэ сард уур амьсгалын дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-80 мм бороо ордог(2 дугаар зураг) боловч 1990, 1993, 1994 онд ихэнх нутгаар, 1998, 2003, 2006 онд нутгийн баруун хагаст, 2012, 2018 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1978-1981, 1988-1989, 1999-2002, 2004-2005, 2007-2010, 2014-2015, 2017 онд уур амьсгалын дунджаас харьцангуй бага бороо орж гантай байв.Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг бөгөөд салхины үнэмлэхүй их хурд 1991 онд говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга шуурсан байна.

ЦАГ АГААРЫН УРЬДчИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2-16 градус, Алтайн өвөр говиор 20-26 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан буюу нийт нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлээр, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус хүрч халах төлөвтэй.Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Завханы баруун хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй(4 дүгээр зурaг).Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур  ширүүснэ.

Төвийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 10-16 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан буюу нийт нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул  голын сав нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй.Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим бороо орох төлөвтэй(4 дүгээр зурaг). Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-24 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй(3 дугаар зураг). Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үер зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Дорнодын ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-с бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй (4 дүгээр зураг).Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр,хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 18-26 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй.Энэ сард Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй (4 дүгээр зурaг).Нэг ба хоёрдугаар арав хоногийн эх болон сүүлчээр зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Posted in Uncategorized.