Ц.Бадамханд сургалтын тайлан

БНХАУ-ын Бээжин хотноо  “Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл” сэдэвт сургалт семинарт оролцсон товч тайлан

2018.07.19

БНХАУ-ын Бээжин хотноо Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний Нислэгийн цаг уурын төвд 2018 оны 07-р сарын 09-нөөс 13-ны хооронд Азийн Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг зохицуулах сургалт семинарт БНХАУ-ын нислэгийн цаг уурын төвийн мэргэжилтнүүд болон Бангладеш, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонг Конг, Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Мальдив, Монгол, Мьянмар, Тажикистан, Тайланд, Филиппин, Шриланка зэрэг 13 орны цаг уурын мэргэжилтнүүд оролцсон. Манай талаас нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны байцаагч Д.Маасүрэн хамт оролцсон.

Энэхүү сургалт, семинарын гол зорилго нь нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг ажиглах болон урьдчилан мэдээлэх чадварыг дээшлүүлэх, нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг хэрэглэх, SIGMET мэдээллийг зөв гаргах, радарын датаг өргөн ашиглаж сурахад нь туслахад оршино.

Эхний өдөр иргэний нисэхийн цаг уурын албаны үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Мөн өнөөгийн үед ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй танилцсан. Цаг агаарын хатуу ширүүн нөхцөлийг урьдчилан мэдээлэх арга болон Хойд хятадын бүс дэх нислэгийн цаг уурын үйлчилгээний явцтай танилцсан.

Дараагийн өдөр цаг агаарын допплер радарын үндэс болон дуу цахилгаантай бороог таних аргын талаар мэдээлэл авсан.

Сургалтын гурав дахь өдөр бусад улсын төлөөлөлтэй хамт тус сургалтанд оролцогчдын форумд оролцож туршлага судалсан. Мөн SIGMET мэдээллийг зөв гаргах талаар судалсан. Дараа нь Азийн нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцож Дэлхийн Цаг Уурын Байгууллагын нарийн бичгийн даргын захидлыг сонсох, дурсгалын зураг даруулах үйл ажиллагаанд оролцов.

Дөрөв дэх өдөр нь Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг (www.aamets.com) ашиглах зөвлөмжтэй танилцсан. Мөн сүүлийн 2 өдөр нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг зохицуулах тухай дадлага хийсэн ба SIGMET-ыг автомат аргаар ашиглан туршиж үзэв. Төгсгөлд нь уг сургалт семинарын талаар дүгнэлт бичиж БНХАУ-ын зохион байгуулагч нарт танилцуулав.

Дүгнэлт

Азийн нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг хэрэглэж сурсанаар SIGMET мэдээллийг ажиглах болон урьдчилан мэдээлэх байдлаар Азийн бүст харж, нэмж мэдээлж болно.  Бид платформыг ашигласнаар ажлын бүтээмжинд маш их үр дүнтэй байх болно гэж үзэж байгаа. Энэ сургалт семинар нь азийн орнуудын хооронд SIGMET мэдээллээр туршлага солилцоход тус нэмэр болсон үйл ажиллага боллоо. Уг сургалт семинарт хамрагдсанаар Азийн нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаа болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй олон талын мэдээ мэдээлэл олж авсан нь ач холбогдолтой байлаа гэж дүгнэж байна.

Цаашид хийх ажил:

  1. Сургалт, семинарт суралцсан хичээлээр синоптик инженерүүдэд танилцуулга, хичээл зохион байгуулах
  2. Азийн нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг ашиглаж сурах
  3. Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформ хэрэглэгчийн гарын авлагатай болох
  4. Хүчтэй шороон болон элсэн шуургыг ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед нь мэдээлэх
  5. Ажлын өдрийн тэгш юмуу сондгой гаригуудад англи хэлээр хэлэлцүүлэг явуулдаг болох
  6. Нислэгт нөлөөлөх цаг агаарын үзэгдлийг ажиглагдах ба урьдчилан мэдээлэх бүрт аймгуудын синоптик инженерүүдтэй тухайн цагт нь видеогоор бага хурал хийж мэдээлэл солилцох
badamkhand tailan - china 2018

Тайлан бичсэн:

НЦУТ-ийн ахлах синоптик инженер                                           Ц.Бадамханд

Posted in Uncategorized.