ТАНИЛЦУУЛГА

allАгаарын хөлгийн нислэг, хөдөлгөөний аюулгүй байдал, түүний эдийн засгийн үр ашиг олон зүйлээс хамаарах  боловч тухайн газар, орны уур амьсгал, цаг уурын нөхцөл онцгой нөлөө үзүүлнэ. Иймээс агаарын хөлгийн нислэг хөдөлгөөнийг цаг агаарын байдалтай уялдуулан зохицуулахад онгоц хөөрөх, буух, аэродром орчмын болон нислэгийн замын дагуух цаг агаарыг урьдчилан мэдээлэх шаардлагатай байдаг. Энэ үүргийг Нислэгийн цаг уурын төв /НЦУТ/ 1967 онос хойш бие даан дагнан гүйцэтгэж байна.

НЦУТ нь нислэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцож, дотоод, гадаадын нислэг явагдах эсэхэд шийдвэр гаргахад шууд нөлөөлж, Олон улс, орон нутгийн агаарын шугамд нисэх нислэгүүдийг бүх төрлийн урьдчилсан мэдээгээр үйлчлэх, цаг агаарын мэдээ мэдээллийг шуурхай цуглуулах, дамжуулах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг олон улс, орон нутгийн бүсийн мэдээллийн төвүүдээс цаг тухайд нь авч хэрэглэгчдэд хүргэх, нисэх бүрэлдэхүүн, нисэхийн мэргэжилтнүүдэд цаг уурын сургалт явуулдаг мэргэжлийн төрөлжсөн байгууллага юм.

Анх 1925 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод нисэх онгоцны буудал барьж 5 дугаар сарын 25-нд ЗХУ-аас Ю-13 хэмээх тээврийн зориулалттай нисэх онгоцыг БНМАУ-д шилжүүлэн өгсөнөөр нисэх хүчний суурь тавигдаж “Агаар тандагч” гэсэн тусгай орон тооны хүн ажиллаж нислэг эхлэхийн өмнө цаг агаарын байдлыг тандан тусгай нислэг хийсний дараа тухайн нислэг үйлдэх эсэхийг шийддэг журамтай байжээ.

Одоогоор ЦУОШГ-ын харъяа Нислэгийн цаг уурын төв нь Иргэний нисэхийн дүрэм 174-ийн шаардлагыг хангасан цаг уурын байгууллага юм. Тус төв нь Дэлхийн цаг уурын байгууллага /WMO/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын холбогдох дүрэм, журам, заавар зөвлөмжүүдэд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдүгээ тус төв нь нийт 47 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 84,0% нь дээд боловсролтой бөгөөд гадаад, дотоодын нийт 16-20 авиакомпани, 20 гаруй агаарын хөлөг, 20 гаруй аэродромд нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлж байна. 2013 онд Нислэгийн цаг уурын төвд “Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008 олон улсын стандарт”-ыг нэвтрүүлэн, БНСУ-ын Crebiz олон улсын үнэлгээний байгууллагаас гэрчилгээ авч цаг уурын салбартаа анхдагч нь болон ажиллаж байна.