АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ БОЛОН НИСЭХ БУУДЛУУДАД

Шилжилтийн улирлын цаг агаарын онцлог

Шилжилтийн улиралд өндрийн фронтын бүсийн шилжилттэй холбоотой манай орны цаг агаарын нөхцөл эрс хувьсамтгай байдгаас агаарын хөлгийн нислэгт нөлөөлөх ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан нойтон цас орох, алсын барааны харагдац муудах, дунд зэргийн болон хүчтэй сэгсрэлт, мөстөлт, цочир хүйтрэл үүсэх зэрэг цаг агаарын үзэгдэл үүсэх магадлал өндөр байдаг.

Цочир хүйтрэл

Жилийн дулаан улиралд буюу (агаарын температур эерэг утгатай байх үед) агаарт (2м-ын түвшинд) эсвэл хөрсний гадарга дээр температур 0 градус буюу түүнээс бага (хасах утгатай) болж буурахыг цочир хүйтрэл гэнэ.

Цочир хүйтрэлийг “хяруу унах”, “хяруунд тариа цохиулах”, “гэнэтийн хүйтрэл” гэх мэтээр ярих, бичих нь бий. Хүйтэн агаар (0 градусаас бага температуртай) тухайн газар нутагт шилжиж ирэх (хүйтэн агаарын цөмрөл), эсвэл газрын гадарга цацрагийн замаар дулаанаа их хэмжээгээр туяаруулан алдаж хөрөх зэрэг шалтгаанаас цочир хүйтрэл болох нөхцөл бүрддэг байна.

Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ. Манай орны далайн түвшнээс 2000м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл 8 дугаар сарын 20-ноос эрт эхэлнэ. Харин 1000м-ээс дээших нутагт 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 9 дүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар 9 дүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт 9 дүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ. Манай орны уулархаг нутгаар (Улаанбаатар) намар цочир хүйтрэл 9 дүгээр сарын 8-наас эрт ажиглагдах магадлал 95% байна.

Мөстөлт

Мөстөлт гэдэг нь биетийн гадаргуу дээр үүссэн мөс юм. Энэ нь агаарын хөлгийн нислэгийн үед цаг агаарын томоохон аюулын нэг юм. Нисэх онгоц мөстлөгийг хэдий чинээ удаан цуглуулна, төдий чинээ аюул дагуулдаг.

 Мөстөлт үүсэх цаг уурын нөхцөл:

Агаарын хэм 0 градусаас доош орсон үед мөстөлт ажиглагдах магадлал хамгийн их болно.

  • Бөөн, Борооны давхраат үүлэнд
  • Хүйтэн фронтын бүсэд
  • Уул ба дов толгодын дээр
  • Зарим дулаан фронтын өмнө

Шилжилтийн улиралд -18 градус хүртэл хүйтэн температуртай, шингэн дусал бүхий борооны давхраат (Ns), өндрийн давхраат (As) болон давхраат бөөн (Sc) үүлэнд мөстөлт үүсэх магадлал хамгийн их буюу (90 хүртэл %) байдаг.

Мөстөлтийн эрчим нь нислэгийн өндрийн агаарын температур, үүлний услаг, тунадас орж байгаа эсэх, мөстөлтийн бүсэд онгоц байх хугацаа, онгоцны хурд ба төрөл зэргээс хамаардаг. Хамгийн аюултай мөстөлт нь удаан шилжилттэй хүйтэн фронт, дулаан фронтын өмнөх хүйтэн агаарын цул дотор хэт хөрсөн усан дусал бүхий бороотой үүлэнд нислэг үйлдэхэд тохиолддог байна.

Сэгсрэлт

 Агаарын хөлөг нисэх явцад салхины хурд болон чиглэлийн гэнэтийн огцом өөрчлөлтөнд орж онгоцонд нөлөөлөх үзэгдлийг сэгсрэлт гэж нэрлэдэг.

Сэгсрэлтийг үүсэх шалтгаанаар нь 3 ангилдаг.

  1. Дулааны гаралтай сэгсрэлт - Газрын гадаргын жигд бус халалттай холбоотойгоор агаарын өгсөх уруудах чигийн хөдөлгөөнөөр үүснэ.
  2. Механик гаралтай сэгсрэлт - Газрын гадарга орчмын уул нуруу, байшин барилга зэрэг томоохон саад, тотгорыг агаарын урсгал давах буюу тойрон гарахад үүсэх салхины хуйлралтай холбоотой.
  3. Динамик гаралтай сэгсрэлт- Хийн мандал дахь салхины шилжлэгтэй хопбоотойгоор үүсдэг. Дотор нь 4 хувааж үздэг. Үүнд:
  4. Инверси
  5. Хийн мандлын дулаан, хүйтэн фронтын
  6. Цэлмэг тэнгэрийн (CAT)
  7. Агаарын хөлгийн арын дагалдах хуйлрал (wake turbulence).

Зайрмагтсан тунадас (FZ-Freezing)

Энэ тэмдэглүүрийг манан (FG), шиврээ бороо (DZ), бороо (RA)-той хамт усан дуслын температур тэг градусаас бага (хэт хөрсөн) үед хэрэглэнэ. Хэт хөрсөн усан дусал нь газар унах, нисэх аппаратын гадаргатай шүргэлцэхдээ тунгалаг мөсөн хальс – усны холимог үүсгэнэ. Зайрмагтсан манан нь ихэвчлэн цан үүсгэх ба зарим тохиолдолд тунгалаг мөс үүсгэнэ.

Нойтон цас

Нэгээс олон төрлийн хур тунадас холилдон орж байвал зонхилж байгааг нь эхэнд нь мэдээлнэ. Жишээ нь цас бороо холилдон орж байх үед цас нь давамгайлж байвал SNRА – нойтон цас гэж мэдээлнэ.