2018 он

  • Иргэний нисэхийн ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газрын хамтын ажиллагааны хүрээнд Нислэгийн цаг уурын төвд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, “Цаг уурын тоон прогнозын боловсруулалтын сервер, програм хангамж” нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/Б-03/17/4 гэрээнд заагдсаны дагуу DELL POWEREDGE R930 маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай серверийг дагалдах хэрэгслийн хамт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн. Сервер компьютерыг ашигласнаар Дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн тоон загварын үр дүнг цаг хугацааны хоцрогдолгүйгээр ашиглах боломжтой болж байгаа бөгөөд нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, чанар дээшилж, агаарын тээвэрлэгчдэд нарийвчлал өндөртэй цаг агаарын зураг мэдээгээр үйлчлэх олон талын ач холбогдолтой. Ингэснээр нислэгийн цаг уурын үйлчилгээнд дэвшилт гарч, олон улсын жишигт нийцэх алхам нэмэгдэж байна.
  • Нислэгийн цаг уурын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоог ISO9001:2015 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг Стандарт, Хэмжил Зүйн Газрын даргын 2018 оны А/105 дугаар тушаалын дагуу 2021 он хүртэл 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй боллоо.
  • Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал ашиглалтанд орохтой холбоотойгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны А/03 дугаар тушаалаар тус төвийг 60 орон тоотой баталж, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн.
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны А/139 дүгээр тушаалаар томилогдсон (7 хүний бүрэлдэхүүнтэй) ажлын хэсэг батлагдсан удирдамж, журмын дагуу Нислэгийн цаг уурын төвд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний хооронд тус төвийн инженер, техникийн ажилтнуудын дунд аттестатчилал явууллаа.
  • Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд зориулан зохиосон уламжлалт навигацид тулгуурласан (ILS/DME, VOR/DME APCH) хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг 2018 оны 04 дүгээр сарын 25, 29, 8 дугаар сарын 15, 27, 28-ны өдрүүдэд “МИАТ ХК”-ийн “Боинг-737-800” агаарын хөлгөөр, 10 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд, Үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлийн нислэгийн журмуудыг /PBN/ нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг 2018 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
  • 12 дугаар сарын 04-нд Нислэгийн өгөгдөл солилцооны нэгдсэн систем (SWIM)-ийн төслийн ажлын хэсгийн хуралд тус төвийн мэргэжилтнүүд оролцсон. SWIM-д шилжих ажлын төлөвлөгөө боловсруулж ажлын хэсэгт хүргүүлэхээр бэлтгэж байна.
  • 12 дугаар сарын 06-нд ИНЕГ-аас зохион байгуулагдсан. "Aviation Exchange-Digital Innovation" форумд “Цаг уурын орчин үеийн дижитал өгөгдөл болон бүтээгдэхүүн үилчилгээнүүд сэдвээр” илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас цаг уурын үйлчилгээний  бодлого, төлөвлөгөөг Монгол улсад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нислэгийн цаг уурын чиглэлээр зохион байгуулагддаг хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын хөгжлийн хандлага, бодлогыг нэгтгэх, нислэгийн цаг уурын үйлчилгээг нэгдмэл болгох зорилгын хүрээнд Монгол дахь агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилт (MANPING)-ийн цаг уурын дэд ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 12 дугаар сарын 19-нд MANPING ажлын хэсгийн 2-р хуралд Н.Энхдалай оролцсон. Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын хэсгийн хурал 2019 оны 05 сарын 01-нд төлөвлөгдсөн. MANPING ажлын хэсгийн үйл ажиллагааны заавар боловсруулахад AРANPIRG-ийн бичиг баримтын цаг уурт хамааралтай хэсгийг судалж, санал хүргүүлсэн.
  • Олон улсын агаарын навигацийн зөвлөлөөс цаг уурын үйлчилгээний стандарт Чикагогийн конвенцийн Хавсралт 3-т оруулсан 78 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтийг “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам” 1 дүгээр  дэвтэрт тусгаж, холбогдох газруудаар хянуулан ИНЕГ, ЦУОШГ-ын дарга нар баталж, журамд орсон нэмэлт өөрчлөлтийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөж байна.
  • Нислэгт зориулсан цаг агаарын зураг, мэдээ солилцох цаг уурын сүлжээний хурдыг 4E1 буюу 8mbps болгон нэмэгдүүлж өмнө ашиглаж байсан сүлжээний хурдаас 4 дахин нэмэгдүүлсэн.