АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ БОЛОН НИСЭХ БУУДЛУУДАД

Хаврын улирлын цаг агаарын онцлог

Шилжилтийн улиралд манай орны цаг агаарын нөхцөл эрс хувьсамтгай байдгаас, нам үүл үүсч уулаар суух, борооны бөөн үүл үүсэх, нислэгийн замд сэгсрэлт, мөстөлт үүсэх, ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурах, шар усны үер болох, алсын барааны харагдац муудах зэрэг цаг агаарын нислэгт аюултай үзэгдэл үүсэх магадлал өндөр байдаг. Өндрийн фронтын бүс Монгол улсын нутаг дээгүүр дамнан байрлаж циклоны давтагдал нэмэгдэн хамгийн гүн циклонууд хавар ажиглагддагаас болж салхины хүч нэмэгдэж цасан ба шороон шуурганы ихэнх нь хавар тохиолддог.

 Хүчтэй салхи: Хүчтэй салхи үүсэх нь өндрийн фронтын бүсийн  дагуу өндрийн хотос дайран өнгөрөх үед циклон идэвхжидэгтэй холбоотой  байдаг. Буянт-Ухаа орчим ихэвчлэн хойд ба баруун хойд зүгийн хүчтэй салхи зонхилох боловч зүүн өмнөдийн хүчтэй салхи нийт тохиолдлын бараг гуравны нэг хувийг эзэлдэг. Салхины хурдыг авч үзвэл манай орны ихэнх нутагт 15-18 м/с байх нь нийт тохиолдлын 80% гаруй, 19-22м/с байх нь 10% гаруй, 15-22  м/с байх нь 90% орчмыг эзэлнэ.

Цасан  ба  шороон  шуурганы  нислэгт  үзүүлдэг  нэг  нөлөө  нь  алсын барааны харагдац /АБХ/ бөгөөд судалгаанаас үзэхэд АБХ-ыг нийт тохиолдлын 65% нь 2км-ээс дотогш ортол, 50-иад хувь нь 1км-ээс, гуравны нэг орчим хувь нь 0.5км-ээс дотогш орж муутгадаг байна.

 Орон шуурга: Ихэвчлэн III-V сард тохиолдох ба говь тал нутгаар III сард, уулархаг нутаг болон Их нууруудын хотгорт IV сард хамгийн олон тохиолдоно. Цасан шуурга манай орны хангай говийн зааг нутаг, хээрийн  бүсэнд олонтаа тохиолдоно. Орон шуургатай өдрийн газарзүйн тархацыг авч үзвэл нэг талаас өвлийн төгсгөлөөр Өвөрхангай, Дундговь, Сэлэнгийн  районд циклон идэвхиждэг, нөгөө талаас Хангай, Хэнтийн уулсын хоорондхи хөндийн нөлөөгөөр төвийн нутгийн баруун өмнөд хэсэгт жилд 5 хоногоос их байдаг бол зүүн аймгуудын нутгаар 6 хоногоос их, Алтай орчим 9 хоногоос их  байдаг. Орон шуурганы тасралтгүй  үргэлжлэх  хугацааны  30-40%  нь  1.1-3.0  цагийн  хооронд оногдох бөгөөд 30 минутаас богино юмуу 12 цагаас удаан  үргэлжилсэн орон шуурга цөөн тохиолдоно.

 Шороон шуурга :  Хангай,  Хөвсгөл,  Хэнтийн  уулархаг  нутгаар  жилд  5 өдрөөс  цөөн, говийн бүсэнд 20-37  өдөр,  Их  нууруудын хотгорт 10-17 өдөр байдаг. Манай оронд шороон шуурганы хамгийн их давтагдалтай Алтайн чанад говь, Өмнөговийн Улаан нуурын район, Замын-Үүд орчим гэсэн 3 бүс байдаг. Дундад  өргөргийн  фронтын  бүс хаврын улиралд манай нутаг дээгүүр хойш шилжиж, циклоны үйлчлэл идэвхиждэгтэй холбоотойгоор шороон шуурганы давтагдлын 60 орчим хувь нь энэ улиралд хүрэхгүй шахам ажиглагдана. Хангайн бүс нутаг, Их нууруудын хотгорт шороон шуурганы 60-80% нь 3 цагаас богино хугацаагаар үргэлжилдэг бол тал хээр, говийн бүсэнд 12 цагаас давах тохиолдол цөөнгүй байдаг.

Цасан ба шороон шуурганы нислэгт үзүүлдэг нэг нөлөө нь алсын барааны харагдац бөгөөд судалгаанаас үзэхэд нийт тохиолдлын 65 хувь нь 2км-ээс дотогш ортол, 50-иад хувь нь 1км-ээс, гуравны нэг орчим хувь нь 0.5км-ээс дотогш муутгадаг байна.

Сэгсрэлт: Салхи температурын жигд бус тархалтаас үүдэн  турбулент хөдөлгөөн үүсч улмаар онгоцны сэгсрэлтийг бий болгодог. Турбулент хөдөлгөөний улмаас онгоцонд үзүүлэх сэгсрэлтийг цэлмэг тэнгэр  дэх, үүлэн дэх,  олгойдох  урсгал  дахь,  уулын  сэгсрэлт  гэж  ангилж  болно.  Конвекцийн хөдөлгөөн ба  Сэмжин /Ci/ үүлний нөлөөгөөр долгиолог  хөдөлгөөний улмаас цэлмэг тэнгэрт турбулент хөдөлгөөн ажиглагддаг. Долгиолог хөдөлгөөн нь хоёр өөр шинж чанартай агаарын массын зааг дээр  үүсдэг. Цэлмэг тэнгэрт үүсдэг өөр нэг хүчтэй сэгсрэлт нь 7-10км-ийн өндөрт ажиглагддаг салхи, температурын  орны огцом өөрчлөлтийн орны зааг юм. Үүлэн дэх сэгсрэлт цэлмэг тэнгэрийг  бодвол илүү эрчимтэй байдаг. Гэхдээ үүл бүрт босоо хөдөлгөөний эрчим өөр өөр байдагтай уялдан сэгсрэлтийн тархалт, эрчим нь янз бүр байдаг. Олгойдох урсгал дахь сэгсрэлт гол төлөв тропосферийн доод ба  дунд  хэсэгт  ажиглагдана. Олгойдох урсгалын захын хэсэг рүү хүчтэй сэгсрэлт ажиглагдах ба олгойдох урсгалын хүйтэн талд нь дулаан талыг бодвол харьцангуй буюу бараг 1.5 дахин илүү сэгсрэлт үүсдэг. Уулын сэгсрэлт уулын оройн салхины шигүүсэл болж буй тэр мужид ажиглагдана. Уулын өндөр 1000м-ээс их бол аль ч улиралд уулын долгион үүсч сэгсрэлт болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Цасны зузаан, хаврын шар усны үер:  2019 оны 03 дугаар сарын эхний 7 хоногийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Булганы хойд, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24см, Хяргас, Малчинд 19 см, Баруунтуруунд 18 см, Улаангомд 16 см, Завханы Баянтэс 14 см, Завханы Цагаанхайрханд 15см, Хөвсгөлийн Хатгалд 14 см, Улиастайд 12 см зузаан цастай байна.

Гол  мөрний  усны  түвшин,  мөсний зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан нимгэрч, мөс  хэврэгшиж  байна. Одоогийн  байдлаар  Увс, Завхан, Увс Хөвсгөл аймгийн уул, нуруудаас эхтэй гол мөрнүүдэд шар усны үер ажигдлагдах магадлалтай байна.

Түймэр: Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурга ихсэхтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Нийт түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй хэдий ч гарсан түймрийг илүү их аюултай болгодог нь цаг агаарын нөхцөл байдаг. Тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба хээрийн түймэр нь ургамал, амьтан төдийгүй хүн ам эдийн засагт ихээхэн хүнд хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм.

Өнөөдрийн байдлаар манай орны ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна. Энэ нь дээрх нутгаар өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн 2 дугаар сарын сүүлийн хагас, 3-р сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой юм. Иймээс 2019 оны 3 дугаар сарын 5-ны байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн хойд, Булган аймгийн нутгийн өмнөд, Архангай аймгийн зүүн хэсэг хуурайшлын дунд зэргийн харин Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр хуурайшлын бага зэргийн ангилалд багтаж байна. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдийн цаг агаарын төлвөөр эдгээр хуурайшлын зэрэглэл өндөртэй байгаа бүс нутгаар хур тунадас орох магадлал бага байна. Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

Түймрийн  талаар  хиймэл  дагуулын  мэдээгээр  боловсруулсан зураг мэдээг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн http://icc.mn, http://tsag-agaar.gov.mn хаягаар авах боломжтой.

Нислэгийн цаг уурын төв